Эхний
асуулт дээрээ эргэлзэн зогсох ээж хүү хоёрыг үзээд эд ч удахгүйнэ дээ
гэж бодсон шиг дэлгэцийнхээ өмнө сууж байлаа. Гэвч чамгүй мэдлэгтэй
бололтой нэвтрүүлгийн талд нь хүртэл торолгүйхэн хариулчихав. Энэ мөчөөс
эхлэн би тэднийг дэмжиж эхэллээ дээ. Ээж Ц.Сэлэнгэ няхуур, нямбай
харин Ц.Батноров хүү ухаалаг, шийдэмгий. Тэд асуултуудыг амжилттай даван
сүүлийн асуултанд зөв хариулснаар хоёр сая төгрөгний эзэд болж чадлаа.
Миний ч сэтгэл хөдлөж, эгээтэй л өөрөө хожсон мэт баярлалаа.
Долоо
хоног бүрийн даваа гарагт үзэгчдийг цэнхэр дэлгэцнээ уяж, басхүү мөнгө
хожих шуналыг хөдөлгөөд авдаг “50 саяын уналт” шоу нэвтрүүлгийг ийн
үзэн суухдаа би ялагчидтай уулзаж, ярилцах хүсэл төрсөн юм. Утас цохин
хүсэлтээ уламжилвал хүү Батноров уриалгахан хүлээн авч “Ээжийн ажил
орой тарна, тэгээд уулзая” гэснээр товлосон газраа яльгүйхэн хоцрон
ирвэл тэд хэдийнээ ирчихсэн хүлээж байлаа.
Сайн байна уу? Юуны өмнө “50 саяын уналт” шоу нэвтрүүлэгт өөрсдийн мэдлэгээ сорин 2 сая төгрөг хожсонд баяр хүргэе.
Ц.Сэлэнгэ: Баярлалаа.
Өөрсдийгөө танилцуулахгүй юу?
Ц.
Сэлэнгэ: Намайг Цэрмаагийн Сэлэнгэ гэдэг. 1973 онд Улсын багшийн
сургуулийг түүх, газарзүйн мэргэжлээр төгссөн. 38 дахь жилдээ багшилж
байна. Одоо гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Олонлог”
сургуульд багшилдаг.
Ц.Батноров: Намайг Цогоогийн Батноров гэдэг. 27 настай. ”Coffee maney” ХХК-д менежер хийдэг. Хүнсний технологич мэргэжилтэй.
“50 саяын уналт” шоу нэвтрүүлэгт анх хэрхэн орох болов?
Ц.Батноров:
Нэвтрүүлэгт оролцох санааг анх эгч маань гаргасан. “Хоёулаа энэ
нэвтрүүлэгт оролцож үзье гэсэн л дээ. Гэвч телевизийн зүгээс аав эсвэл
ээжтэйгээ орвол зүгээр байна гэсэн санал тавьсаны үүднээс эгч маань
аавтай оролцохоор болсон. Түүний дараагаар ээж бид 2 ярилцаад
нэвтрүүлэгт оролцсон.
Сонирхолтой л юм. Тэгээд танайх гэр бүлээрээ нэвтрүүлэгт оролцсон хэрэг үү?
Ц.Сэлэнгэ:
Тиймээ. Нөхөр охин 2 маань бидний өмнөхөн нэвтрүүлэгт оролцсон юм. Тэр 2
сүүлийн асуултан дээрээ 2 сая төгрөгтэй үлдээд, буруу хариулт сонгож
мөнгөө доош унагаасан. Тухайн үед сэтгэл догдолж бас жаахан харамссан л
даа. Тэгээд л хүү бид хоёр ярилцаад нэвтрүүлэгт орсон.
Тэгвэл та хоёр гэр бүлийн хоёрынхоо “өшөөг” авахын тулд орсон гэж хэлж болох нь ээ?
Ц.Батноров:
/Инээв/. За бараг л тийм гэх үү дээ. Аав эгч хоёрын унадаг сүүлийн
асуултын хариуг би мэдэж байсан л даа. Тэр хоёрыг алдангуут ер нь би
яагаад орж болохгүй гэж гэсэн бодол төрсөн.
Нэвтрүүлгийн асуултууд хэр хүнд санагдсан бэ? Таваас хойших асуултууд бас л яггүй байсан шүү.
Ц.Сэлэнгэ:
Би түүхийн асуулт орж ирээсэй гэж бодож байсан. Их азтай, хоёр ч
түүхийн асуулт орж ирсэн шүү. Эхний асуултыг би мэддэг байсан хирнээ
сандраад мөнгөө хуваагаад доош унагасан. Харин 2 дахь асуулт миний
хамгийн сайн мэддэг зүйл байсан учраас мөнгөө зөв байршуулсан.Тэгээд л
сандрал маань гайгүй болоод тайвшраад эхлэсэн.
Ц.Батноров: Би ч бас сандарсан. Асуултуудын хувьд телевизээр үзэж байснаас хүнд асуултууд ирсэн юм шиг санагдсан.
Нэвтрүүлэг
үзэж байхад анзаарагдаж байсан. Та хоёр хэт хаширлаад мөнгөө буруу
хувилбарууд дээр тавьсанаас болж хожих мөнгөний тоо цөөрөв үү гэж. Мөн
азтай хариулсан болон сүүлд бодоход ингэдэг байж гэж харамсахаар ямар
асуулт байсан бэ?
Ц.Сэлэнгэ: Тийм шүү. Хүн сандрахаараа
мэддэг зүйл дээрээ ч эргэлздэг юм билээ. 2 удаа ч эргэлзэж мөнгөө
унагаасан. Хамгийн азтай хариулсан асуулт гэвэл: “Заан өдөрт хэдэн литр
ус уудаг вэ?” гэсэн асуултанд бид 2 бодож байгаад: Ер нь заан хичнээн
том биетэй амьтан ч гэсэн гурван зуун литр шахуу усыг яаж шингээж
чадах вэ гэж бодоод таасан маань оносон. Харин хамгийн сайн мэддэг
асуулт болох “ЗХУ-д монголоос хэдэн агт морь бэлэглэсэн бэ?” гэдэг дээр
“44 мянга” гэсэн хувилбарыг биш гэж мэдэж байсан хирнээ яагаад ч юм
мөнгөө тавьсан байсан. Уг нь би өөрөө түүхийн багш хүн шүү дээ. Дараа нь
нилээн харамссан.
Ц.Батноров: Эхний асуулт дээр ээж бид 2 эвгүй
алдсан. 2 дахь асуулт ээжийн мэддэг, 3 дахь асуулт миний сайн мэддэг
асуулт ирсэн. Харин 4 дэх асуулт дээр бид эргэлзэж мөнгөө алдсан л даа.
Уг нь би нэвтрүүлэгт орохоос өмнө “Монголын түүх” гэдэг 1000 хуудастай
номыг уншиж бэлдсэн л дээ. Яг өмнөх өдөр нь 1921-1940 он хүртэлх
түүхийг уншсан. Гэтэл 1941 оны асуулт орж ирсэн. Тэгэхэд би бодсон.
Үргэлжүүлээд жаахан уншсан бол бол би энэ асуултын хариуг мэдэх байж
гэж. Тэгээд гэртээ ирээд номоо үзэхэд гурван хуудсын дараа л тэр тухай
байсан. (Инээв)
Яг сүүлийн асуултын хариу гарах мөчид юу бодогдож байсан бэ?
Ц.Батноров:
Ер нь бол хариултандаа итгэлтэй байсан л даа. Гэхдээ л их сандарсан.
Зурагтаар харахад их амархан л харагддаг . Гэтэл яг нэвтрүүлгийн тайзан
дээр гархаар нэг минутын хугацаа хүртэл хурдан өнгөрч байгаа юм шиг
санагдаад эвгүй юм байна лээ.
Ц.Сэлэнгэ: Би Хөх мөрөн шар мөрнөөс
урт гэдгийг мэдэж байсан хирнээ яах бол гэж бодоод байсан. Тэр үед
хөтлөгч Шар мөрөн урт биш үү гэхэд газрын зураг дээр харахаар Хөх мөрөн
тал газраар урсдаг тул урт харагддаг гэж зүтгэсэн. Гэхдээ л мөнгө
доошоо уначихвал яах вэ л гэж бодогдоод байсан шүү.
Хожсон мөнгөө юунд зарцуулна гэж бодож байна. Эсвэл “үрээд” эхлэчихсэн үү?
Ц.Сэлэнгэ:
Нэвтрүүлгийн эхэнд бид ямартай ч мод тарина гэж хэлсэн. Түүнийгээ ч
өчигдөрхөн биелүүлээд зусландаа хэдэн суулгац тарьсан. Сайхан ургах
байхаа. Харин үлдсэн мөнгөө хүү бид хоёр хувааж авна гэж ярилцсан
байгаа. Тус тусынхаа хэрэгтэй зүйлд зарцуулах болов уу.
Ярилцлагын төгсгөлд “50 саяын уналт” нэвтрүүлгийн дараа дараагийн оролцогчдод зориулан мөнгө хожсон туршлагаа хуваалцаач.
Ц.Батноров:
Ээж бид хоёрын тактик бол мөнгөө аль болох бага хуваах. Яг мэдэхгүй
асуулт ирсэн тохиолдолд хамгийн байж болох хувилбар дээр мөнгөө
байршуулах хэрэгтэй. Нэгэнт тааж байгаа тохиолдолд 2, 3 хувилбарын ялгаа
байхгүй тул аль болох мөнгөө бага хуваах хэрэгтэй. Ер нь бусад мөнгөн
шагналтай нэвтрүүлгүүдийг бодвол “50 саяын уналт ” шоу нэвтрүүлэг
шагналын сан нь хавьгүй их хирнээ бас хожих магадлал өндөртэй. Бусад
нэвтрүүлгүүд багаас мөнгөн дүн өгсөх маягаар явагдаж, тодорхой хэмжээнд
хүрээд буруу хариулбал бүх мөнгөө алддаг. Харин “50 саяын уналт ”
нэвтрүүлэг бол хожих мөнгийг эхэнд нь өгдөг. Магадлалаар бодоод үзэхэд 3
асуултыг өөрөө мэдэж байгаа тохиолдолд бусдыг нь таах маягаар явсаар
мөнгөө хожих магадлалтай. Эхний асуулт бол ямар ч хүний мэдэх энгийн
асуулт ирдэг. Түүнийг өөрөө хариулна гэж бодох хэрэгтэй. Мөн сүүлийн
асуулт бол хоёрхон хувилбартай тул түүнийг таана гэж бодох хэрэгтэй.
Харин голд нь нэг асуултыг найдвартай мэдэж байхад багадаа нэг сая
төгрөг хожих бүрэн боломжтой.
Ц.Сэлэнгэ: Боломж өндөртэйгөөс
гадна хамгийн олон үзэгчидтэй нэвтрүүлэг шүү дээ. Хүний мэдлэг, оюуны
потенциаль, логик сэтгэлгээ шаарддаг нэвтрүүлэг. Тийм болохоор бусад энэ
төрлийн нэвтрүүлэгтэй харьцуулашгүй л дээ.
Зав гарган ярилцсанд баярлалаа.
1-р асуулт: Эдгээрээс аль нь Ханс Кристиан Андерсений үлгэр биш вэ?
A. Эрэлхэг тугалган цэрэг
B. Нугасны муухай дэгдээхий
C. Салтан хааны үлгэр
D. Хааны шинэ хувцас
2-р асуулт: Бүх амьд биетүүд орших дэлхийн давхаргыг юу гэж нэрлэдэг вэ?
A. Биосфер
B. Стратосфер
C. Мезосфер
D. Тропосфер
3-р
асуулт: Бидний хэлж сурснаар Хятад компьютерийн “Танк” гэдэг тоглоомонд
танкандаа хамгаалалт авахын тулд эдгээрээс аль хэрэгслийг нь авдаг вэ?
A. Хүрз
B. Малгай
C. Таван хошуу
D. Бүс
4-р
асуулт: 1940-өөд онд Зөвлөлтийн ард түмэнд туслах хөдөлгөөн ид өрнөж
байсны нэг нь "Улаан армийн хэрэгцээнд шилдэг сайн агт морьдоор туслах"
компанит ажил юм. Энэ ажлын хүрээнд дайны жилүүдэд манай улсаас ЗХУ-д
хэдэн мянган морь бэлэглэсэн гэж бүртгэгдсэн бэ?
A. 20 мянга
B. 32 мянга
C. 44 мянга
D. 56 мянга
5-р
асуулт: Санхүүгийн зах зээлд хоёр амьтны дүрс нь билэгдлийн чухал ач
холбогдолтой байдаг. Нэг нь бух бол нөгөө нь ямар амьтан бэ?
A. Баавгай
B. Бар
C. Чоно
6-р асуулт:Насанд хүрсэн заан өдөрт дунджаар хэдэн литр ус уудаг вэ?
A. 210 литр
B. 250 литр
C. 290 литр
7-р
асуулт:1200 онд Хатагин, Салжуд, Дөрбэн тэргүүтэй 11 аймгийн
толгойлогчид үгсэн, Чингис хааныг дайлаар мордохоор шийдэн, нэгэн газар
азарга цавчин алж, андгай тангараг өргөсөн байдаг. Тэд ямар нэртэй газар
хуйвалдаанаа боловсруулсан бэ?
A. Байдраг гол
B. Хүйтэн уул
C. Алахуй булаг
8-р асуулт БНХАУ-ын алдарт Шар мөрөн, Хөх мөрөн хоёрын аль нь урт вэ?
A. Хөх мөрөн
B. Шар мөрөн