Прокуророос татгалзсан ч АТГ үргэлжлүүлэн шалгах уу?

Хуучирсан мэдээ: 2013.06.14-нд нийтлэгдсэн

Прокуророос татгалзсан ч АТГ үргэлжлүүлэн шалгах уу?

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг 17 тэрбумын тендерт өөрийн хамтран амьдрагч Г.Уянгын компанийг шалгаруулсан гэх хэргийг  Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгасан. АТГ-аас Г.Дэнзэн нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлтийг прокурорт хүргүүлсэн ч Нийслэлийн прокурорын газраас Г.Дэнзэн нарыг шалгах үндэслэлгүй гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Энэ хэргийн талаар АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатаас тодрууллаа.

-Г.Дэнзэн нарыг хэргийг прокуророос шалгах үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгосон гэж үнэн үү? 

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнгийн хамтран амьдрагч Г.Уянгын эзэмшлийн “Говь повер” компани нь “Эрдэнэс Тавантолгой” компаниас гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх тендерт шалгарсан асуудлыг шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэх үндсэлэлтэй байна гэж үзсэн. Ингээд асуудлыг прокурорт танилцуулсан хэдий ч прокурорт бүрэн эрхийн хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

-Г.Дэнзэн нарыг буруутгах үндэслэлүүдийн тухай сонирхвол?

-Г.Уянга нь “Говь повер” гэдэг компанийг бусдаас худалдаж авсан байдаг. Ингээд эд хөрөнгийг нэг өдрийн дотор үнэлгээний компаниар тухайн газар дээр нь очилгүй бодит бусаар үнэлүүлсэн нь тогтоогдсон. Ийнхүү тэрбум төгрөгөөр компанийн эд хөрөнгийг бодит бусаар үнэлсэн нь тендерт оролцох нөхцөлийг хангасан байдаг. Мөн тендерт шалгарах компани нь сүүлийн таван жилийн хугацаанд 1.8 тэрбумаас багагүй төгрөгийн үйлдвэр, үйлчилгээ явуулсан байх шаардлага тавьсан байсан. Гэтэл  “Говь повер” компанийн үйл ажиллагааны орлого нь алдагдалтай байх тайланг татварын байгууллагад гаргаж өгсөн байсан. Ингээд “Говь повер” нь тендерт шалгарах ямар ч шаардлага хангаагүй байна гэж бид үзэж байгаа.

-Тендерт оролцох боломжгүй компаниудыг тендерт оролцуулсан гэсэн. Энэ үнэн үү?

-Гаалийн хяналтын бүсэд үйлчилгээ үзүүлэх компани нь гаалийн бүсэд үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлсэн газрыг эзэмшиж байх ёстой байсан. Гэтэл тендер сонгон шалгаруулахдаа нийтдээ 10 аж ахуйн нэгжид тендерт оролцох саналыг хүргэсэн боловч эдгээрээс найман компани нь эзэмшил газаргүй байсан. Анхнаасаа тендер сонгон шалгаруулалт хууль бусаар явагдсан гэдгийг нотлох баримтууд байгаа. Цаашид бид энэ асуудлыг дахин шалгах хүсэлтээ илэрхийлэн прокурорт гомдол гаргасан байгаа.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж