Хувийн өмчийг хүлээн зөвшөөрдөггүй, зөвхөн нийгмийн өмчийг шүтдэг байх үеийн сэтгэлгээнээс нэг л зүйл өнөөдрийг хүртэл бидний тархи толгойтой зууралдсаар явааг “хулгайчид” ашигласаар ирэв.
“Нийтийн, нийгмийн” гэсэн тодотголтой юм бүхэн угтаа хэнийх ч биш байсан үе бий. Тэгвэл яг энэ сэтгэлгээгээрээ “төсвийн мөнгө, төрийн өмч” гэдэг зүйлийг ойлгодог маань бараг хэвээрээ. Албан тушаалаа ашиглан хулгай хийхийг авлига гэж хэлдэг болсноос биш та, бидний татварын мөнгөөр босч буй төсвийг хувьдаа завшиж, шамшигдуулаад байгааг нь “миний өмч рүү халдлаа” гэж хүлээн авч суралгүй хорин жил өнгөрөв. Авлигачид дураараа туйлах бололцоог энэ сэтгэлгээ маань улам өөгшүүлсээр өнөөдрийг хүрсэн хэрэг.
Албан тушаалаа ашиглан төрийн өмчит МИАТ компаниас олон тэрбум төгрөгийг хуйвалдан идэж байсан нэр бүхий хүмүүст шүүхээс хэд хоногийн өмнө ял хүлээлгэлээ. Угтаа төрийн өмчийн гэдэг нэрээр бидний халааснаас холдуулж нэрлээд байгаа болохоос биш тэдгээр захирлуудыг бид л цалинжуулдаг байв. Мөн өнөөдрийнхөө хөдөлмөрийн хөлснөөс илүүчлэн байж төлсөн татвар маань хэн нэг байцаагчийн хувийн данс руу хуримтлагдаж байсныг мэдээд хэн маань ч тэгтлээ цочирдсонгүй. “Татварын мөнгө идэж байжээ” гээд л өнгөрөв. Шууд утгаараа та бидний мөнгө байтал хэн нь ч халаасаа ухуулсны чинээ бухимдсангүй. Эдгээрийн адил албан тушаалын гэмт хэргийн хэд хэдэн тохиолдол яг одоо цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа.
Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын бэлнээр хадгалж байсан болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн нэр дээрх олон дансаар дамжсан мөнгөний гарал үүслийг тогтоохоор хууль сахиулагчид ажиллаж буй. Тэд хэрэв энэ их мөнгийг өөрсдийнхөө хөдөлмөрөөр бий болгосноо хуулийн хүрээнд нотолж чадахгүй бол асуудал өөр тийшээ эргэнэ. Бүр тодруулбал, тэдний эдэлж байсан тэрхүү их хөрөнгөний гарал үүсэл нь бидний хөдөлмөрийн үр шимээр бүтсэн баялаг байвал тэд ердөө хулгайчид болж хувирна. Энэ тохиолдолд эрүүл мэндийн салбарын болон боловсролын салбарын төсвийг хууль бусаар захиран зарцуулсан гэдэг албархуу хэллэгээр асуудлыг нэрлэх боловч угтаа та бидний мөнгөнөөс хулгайлсан гэснээс ялгаагүй юм шүү.
Төрийн мөнгө гэж үнэндээ юу ч байхгүй. Харин төр оршин байгаагийнхаа хувьд иргэн та биднээс сүр далайлган авдаг татварын мөнгийг л дарга нар “төрийн мөнгө” гэж бидэнд итгүүлдэг билээ. Үүнийг цуглуулан авдаг, захиран зарцуулдаг эрх мэдэлд хүрэх аливаа хууль ёсны шат, дамжлага, үйл явцыг /сонгууль болон бусад хуулийн дагуух бусад томилгоо/ мөнгөөр үнэлж арилждаг болсон нь авлигын хамгийн төгс хэлбэр гэж хэлэхэд болох байх. Ийнхүү мөнгөөр худалдаж авсан эрх мэдлээ эргүүлээд мөнгө олоход ашиглах замаар төрөөс тэрбумтнууд төрж байгааг бид мэддэг хэрнээ шүүж, яллаж чадахгүй саяхныг хүрсэн юм. Төрөөс тэрбумтан төрөх үйл явцыг төгөлдөршүүлэн цэцэглүүлсээр төрийн тэргүүнд заларсан нэгэн ч байв. Нөөлөгөнд нь өнөөдрийн авлигачид баланд хорхойссон баавгай мэт аашилж байлаа.
Төр өөрөө бизнес эрхэлж, бүх эрх мэдлийг өөртөө хамах тутам “балтай торх” бялууртлаа бялхаж, түүнийг тойрч суугаад долоох хүсэлтнүүд үнэрээр нь цүнх цүнх мөнгө бариад улс төрийн намууд руу гүйлддэг байлаа. Харин одоо тэдэнд битүүхэн айдас төрж эхэлсэн байна. Мөнгө өөрөө нүүрээ угаадаггүй хойно хэзээ нэг цагт гудсан дор байсан ч “гарал үүслийн бичиг”-тэйгээ гараад ирж болдгийг МИАТ-ийнхний, татварынхны, “ёотон”-гийнхны хэрэг олонд дохиолов. Харин энэ мэт гэмт хэргийн хохирогч нь ердөө төр байсан мэт хэнэг ч үгүй хүлээж авдаг, их л сайндаа “надад байхгүй мөнгө энэнд байж байдаг аа” гэх атаархлын үг чулууддагаа та бид больж, сэтгэлгээгээ өөрчлөх цаг болов.
Учир нь төрийн өмч, төрийн мөнгө гэж байхгүй юм. Ийм нэртэй боловч баялаг бүтээгч, хөдөлмөр эрхлэгч та бидний татварт өгсөн мөнгийг л тэд хулгайлсан хэрэг. Төр зохицуулагчийн л үүрэгтэй, харин үүнийгээ хэрэгжүүлэхэд нь эрх мэдэл хэрэгтэй учраас бид сонгуулиар түүнийг нь баталгаажуулж өгдөг. Бас зохицуулагчийн ажил хийхийн тулд хөлс, зардал хэрэгтэй. Тийм учраас бид мөнгөнөөсөө татвар хуримтлуулж, төрийг санхүүжүүлдэг. Түүнээс биш хэн нэгэн этгээд үүнийг далимдуулан эрх мэдэлд хүрчихээд миний, чиний мөнгөнөөс эхнэртээ, эсвэл нууц амрагтаа данс нээж өгөөд байхыг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Аливаа албан тушаал, авлигын хэргийн хохирогч нь төсөв, эсвэл төр гэж ойлговол эндүүрэл. Харин хохирогч нь та бид, та бидний үр хүүхэд юм. “Аавын цалин буухаар, эсвэл ээж маань мөнгөтэй болохоор би ийм, ийм гоё юм авахуулна” гэж бяцхан хуруугаа даран хоног тоолж суугаа энхрий үр минь энэ гэмт хэргийн хохирогч юм. Цалин буухад та хамгийн түрүүнд хүүгийнхээ захиасыг биш харин татварын өрийг барагдуулдаг билээ. Татварын дараах хэдэн төгрөгөөсөө хүүхдэдээ илүүчлэх юмгүй үлдэхээрээ та бид “цалин буугаагүй байна аа…” гэж худал хэлдэг байх аа? Тэдэндээ зарцуулж болох л байсан мөнгийг маань авлигачид идсээр байх гэж үү. Үгүй. Ийм л учраас бид авлигачдыг айлгах ёстой. Тэд мөнгийг минь буцааж төлөх ёстой юм. Одоо бүгдээрээ мөнгөө нэхэцгээе. Сэтгэлгээний ийм л өөрчлөлтийг нийгэм захиалж байна.