АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбатын хэлснээр Ч.Гансүх нарыг хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, авлига хээл хахууль авахыг завдсан, эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлсэн болохыг мөрдөн байцаалтаар тогтоосон байна.
Энэ хэргийг шалгаж эхлэх үед 19 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байсны дотор Ч.Гансүхийн бага хүү Г.Ганзулын дансан дахь 16 тэрбум, нууц амраг гэгдэх байцаагч О.Бямбасүрэнгийн дансанд шижүүлсэн таван тэрбум, Төсвийн орлогын хяналтын хэлтсийн Эрсдлийн удирдлага судалгаа үнэлгээний хэлтсийн дарга Н.Энхбатын эхнэр н.Охиноогийн дансанд дөрвөн сая ам.доллар, Ч.Гансүхийн төрсөн эгчийнх нь дансанд төвлөрүүлсэн мөнгө зэрэг багтаж байгаа.
Ч.Гансүх гэгч хэн бэ?
Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх ҮТЕГ-т 21 жил ажиллахдаа сүүлийн 12 жилд нь Хяналт шалгалтын хэлтсийн даргын албыг хашжээ. Тэрбээр аж ахуйн нэгжүүдэд гэнэтийн шалгалт оруулж, торгууль тавих замаар дарамтлан авлига авдаг байсан бөгөөд түүнд мөнгө төлөхөөс татгалзсан нэгэн компани Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаснаар Ч.Гансүхийн гэх хэрэг үүссэн гэдэг. Түүнийг шалгаж эхэлтэл Ч.Гансүхийн хүүгээс байцаагч О.Бямбасүрэнгийн данс руу таван тэрбумыг шилжүүлэх гэж байсан нь тогтоогджээ. Үүнээс өмнө ч 1-2 тэрбум төгрөг төвлөрүүлчихсэн байсан нь ч баримтаар нотлогдсон байна.
Түүнийг өдгөө Төв аймгийн Цагдан хорих ангид, бусад холбогдогчийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.