Саналын үнэ цэнэ буюу 1000 нэгж

Хуучирсан мэдээ: 2013.06.14-нд нийтлэгдсэн

Саналын үнэ цэнэ буюу 1000 нэгж

1000 нэгж. Энэ бол үнэлгээ. Бүр тодруулбал, Сонгуулийн ерөнхий хорооноос таны саналыг үнэлсэн үнэлгээ. Та өөртөө таалагдсан хэн нэгний нэрийг бөглөлөө, утсанд чинь 1000 нэгж орно. Ардчилсан нийгмийн хамгийн том илэрхийлэл нь сонгууль. Ард түмний засаг барьдаг ганцхан өдөр нь сонгууль. Гэтэл тэд таны юугаар ч үнэлэгдэмгүй саналыг тань 1000 төгрөгөөр үнэлж байна.

Залуусын сонгуулийн идэвх туйлын бага байгаатай үүнийг холбон тайлбарлаж байгаа. Гэхдээ саналаа өгөхгүй байгаа залуус чухам юунаас болж идэвхгүй байгаа вэ гэдгийг гаргалгүйгээр тэдний утсанд 1000 нэгж хийх шийдвэр гаргалаа. Угтаа залуусыг байнга юм хардаг, горьддог гэж үздэгээ төрөөс ээлжит удаагаа баталж байгаа нь энэ. Оюутнуудыг үнэгүй сургана л гэнэ, автобусанд үнэгүй явуулна л гэнэ.

Оюутнуудын сэтгэлгээ цаг үетэйгээ нийлэхгүй, идэвхгүй зан гаргаж байгаа байж болно. Гэхдээ залуу сонгогчдын идэвхийг 1000 нэгжээр “өдөөж” болохгүй. Магадгүй энэ олон залуус дунд төр түшилцэж байгаа эрхмүүдээс, ийм шийдвэр гаргасан дарга нараас хол илүү ухаантай хүмүүс зөндөө бий. Ирээдүйд сонгуульд оролцож, саналаа өгөх хүмүүст томчууд арай л буруу дуурайл бий болгоод байх шиг. Тэд санал өгвөл юм өгдөг юм байна гэж ойлгоно. Иргэн бүрийн санал 1000 нэгжийн үнэтэй гэж ойлгоно. Энэ удаагийн сонгуульд 1000 нэгж өгсөн юм чинь 2016 оны сонгуульд өгөх нэгжийн тоо нэмэгдэнэ гэж ойлгоно. Ямар аймаар дуурайл вэ?
 
Ардчиллын хамгийн том элемент нь шударга, нээлттэй сонгууль. Энэ эрхээ хэний ч шан харамжаар, эсвэл хэний ч шаардлагаар хэрэгжүүлэх ёсгүй. Санал өгөх нь иргэний эрх бас үүрэг. Тэглээ гээд 1000 нэгжээр үнэлж боломгүй. Үнэлэх гээд ч чадахгүй. Үнэлэх эрх нь ч хэн нэгэнд байхгүй.

Энэ дуурайлыг гадны хэн нэгэнд дуулгавал чих нь унах дөхнө. Ардчиллын замаар 400 гаруй жилийн нүүрийг үзсэн АНУ-д эрт ч, эдүгээд ч ийм арга хэрэглэж байгаагүй юм шүү. Лалын хэт даврагсадтай Ойрхи дорнод, коммунизмын хана хэрэмтэй Хятад, олигархиудаар дүүрсэн Орос, үзэл бодлоор нь шоронд хорьдог Бирм, Камбож гэх улсуудад ч санал өгснийх нь төлөө шагнадаг тогтолцоо байхгүй. Ийм “гайхалтай” шийдвэрийн чинь төлөө “баярлалаа” гэж хэлье. Саналыг минь 1000 нэгжээр үнэлсэнд.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж