Азийн зах зээл унаж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Азийн зах зээл унаж байна

АНУ-д ажил эрхлэлт өсөхгүй байгаа тухай мэдээ болон Европын хямралд нэрвэгдсэн дараагийн орон Унгар болж магадгүй тухай мэдээнээс болж өнөөдөр Азийн хөрөнгийн биржүүд дээр уналт ажиглагдаж байна. Газрын тосны үнэ мөн унаад байгаа бөгөөд нэг баррель газрын тос 70 ам.доллар болсон байна. Японы хөрөнгийн биржийн “Никкей 225” хөрөнгийн биржийн дундаж 349.7 оноо буюу 3.5 хувиар унасан байна. Өмнөд Солонгосын “Коспи” хөрөнгийн биржийн индекс 1.9 хувиар унасан бол Австралийн “S&P/ASX” 2.7 хувиар унасан байна. Мөн Хонг-Конгийн “Ханг Сенг” 2.4 хувиар унасан байна.

Өнгөрсөн долоо хоногт Унгарын албан тушаалтнууд Грек шиг эдийн засгийн хямралд орж болзошгүй байна гэсэн мэдээ түгж эхэлсэн юм. Энэ мэдээлэл хөрөнгө оруулагчдыг шоконд оруулсан бөгөөд еврогын доллартай харьцах ханш сүүлийн дөрвөн жилд байгаагүйгээр унаад байна. “Энэ асуудал яг л хорт хавдар шиг: жижиг улсаас жижиг улсруу халдаж байна. Дараа нь Франц, Герман шиг том улсуудруу халдахвий гэсэн айдас байна ” гэж Хонг Конгийн “Танрич Секюритис” компанийн дэд ерөнхийлөгч Жаксон Вонг ярьж байна.

Унгарын мэдээнээс гадна АНУ дахь хөдөлмөр эрхлэлтийн тухай мэдээлэл Азийн зах зээлүүдийг унахад нөлөөлжээ. Өнгөрсөн баасан гаригт АНУ-ын албаны хүмүүс тавдугаар сард АНУ-д 432,000 ажлын байр нэмэгдсэн гэж мэдээлсэн нь 513,000 ажлын байр бий болсон гэж таамаглаж байснаас бага тоо байсан юм. Ажилд орсон хүмүүсийн олонхи нь АНУ-д хүн амын тооллого хийх гэж байгаатай холбоотойгоор түр хугацаагаар ажилд орсон хүмүүс байна. Энэ мэдээ нь АНУ-ын эдийн засаг сэргэж эхлээгүй байна гэсэн дохио болж байгаа юм. Баасан гаригт Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр “Доу Жонез” аж үйлдвэрийн дундаж индекс 3.2 хувь унасан бол бусад гол индексүүд дунджаар гурван хувь унасан байна.

“Эдийн засгийн хямралтай холбоотойгоор хөрөнгө оруулагчдын итгэл бага байгаагаас болж зах зээл дээр савалгаа их үүсэж байна. Энэ бол тийм ч сайн зүйл биш” гэж Хонг Конгийн “Синта Интернейшинл” судалгааны компанийн захирал Кастор Панг ярьж байна. Валютуудын хувьд еврогийн ам.доллартай харьцах ханш унаж 1.1925 болсон бол иентэй харьцах долларын ханш 91.80-аас 91.34 болж унасан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж