
Тиймээс Чингис бондын зарцуулалт хийгээд үлдэгдлийн талаарх мэдээлэл авах гэж бүтэн гурван өдрийг зарцуулсан ч үр дүнд хүрсэнгүй. Эл мөнгөний менежментийг хийж буй Монголбанкны хувьд бондын мөнгөний зарцуулалтын талаар ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзав. Хувь хүмүүсийн хувьд ч хэн нэгний хадгалуулсан мөнгөний талаарх мэдээллийг нөгөөд нь хэлээд байх нь зохимжгүйтэй адил Чингис бондын мөнгийг эзнээс нь буюу Эдийн засгийн хөгжлийн яамнаас л авсан нь зөв хэмээн хариуллаа. Харин Эдийн засгийн хөгжлийн яам бол сэтгүүлчдийн хувьд үүд хаалга нь үргэлж хаалттай байдаг газар. Гомдлын мөр гээд дэд сайдын хаалгыг татсан ч сайдын туслах бүсгүй нь “Манай яам хэвлэлийн төлөөлөгчгүй болохоор танд мэдээлэл өгөх хүн байхгүй” хэмээн торох ч үгүй хариуллаа. Хэлэх үг олдсонгүй. Мэдээлэл өгөх хүн байхгүй гэсэн үг “Манай яам хаалгагүй” гэсэнтэй агаар нэг бус уу. Тэгэхээр “Хаалгагүй” газарт хадгалж буй Чингис бондыг яах билээ.