С.Ламбаа: Би мэдээлэл өгөх үүрэгтэй

Хуучирсан мэдээ: 2013.06.13-нд нийтлэгдсэн

С.Ламбаа: Би мэдээлэл өгөх үүрэгтэй

-Цагдаа Н.Хүрэлбаатар, Түмэндэмбэрэл нар ажилдаа яаж ханддаг байсан, ямархуу зан ааштай хүмүүс вэ гэж асуусан. Би хариу өгөөд ирсэн-


Эрүүл мэндийн сайд асан С.Ламбааг УМБГ-аас өнөөлөр дуудаж уулзжээ. Түүнээс Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар, төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл нарын талаар асууж тодруулжээ. Хамтарсан Засгийн газар 2008 оны есдүгээр сард байгуулагдаж, Эрүүл мэндийн сайдаар С.Ламбаа томилогдон очсоноос хэдхэн хоногийн дараа Н.Хүрэлбаатар тус яамны Төрийн нарийн бичгийн даргаа томилогдож байжээ. Харин Н.Түмэндэмбэрэл нь тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын даргаар өмнө нь ажиллаж байсан бөгөөд шинэ удирдлагуудын баг ажиллах үед ч уг албаа үргэлжүүлэн хашжээ. Хамт ажиллаж байсны хувьд тэдний зан төлөв, ажлын хандлага, харилцааны талаар С.Ламбаагаас цагдаагийн байгууллага асууж тодруулсан юм байна. Энэ талаар С.Ламбаагаас өөрөөс нь лавлалаа.

-Таныг цагдаагаас дуудаж, байцаалт авсан гэдэг мэдээлэл гарчээ. Энэ үнэн юм уу?

-Тийм ээ. Намайг ирж уулзаач гэж дуудсан. Дуудсаны дагуу цааргалалгүй очиж, асууж, тодруулах гэсэн зүйлд нь хариу өгөөд ирлээ. Н.Хүрэлбаатар, Н.Түмэндэмбэрэл нар ажилдаа яаж ханддаг байсан, ямархуу зан ааштай хүмүүс вэ гэж асууж байна. Ер нь ч би сайд байсан хүний хувьд мэдээлэл өгөх үүрэгтэй гэж бодож явсан юм. Тийм болохоор дуудсан дээр нь очоод уулзах нь зөв гэж бодож байна.

-Та тэдний талаар чухам юу хэлж чадах вэ. Цагдаад тухайлбал, юу гэж хэлсэн бэ?

-Намайг сайдын ажил авсны дараа Н.Хүрэлбаатар Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож ирсэн. Даруу төлөв, үг дуу цөөтэй, боловсролтой, мэргэжлийн эмч хүн. Яаманд ирэхээсээ өмнө Халдварт өвчин судлалын төвд ажиллаж байсан. Салбартаа сайн ажиллаж ирсэн, мэргэжлийн хүн. Хамтарч ажиллаж байхад тушаал шийдвэрийн дагуу ажиллаж, ажлаа сайн гүйцэтгэдэг байсан. Мэдээллийн хэрэгслээр түүнтэй холбоотой мөнгө төгрөгний асуудал сөхөгдсөний дараа би өөр рүү утсаар ярьж асуусан л даа. “Энэ хэвлэлээр гараад байгаа зүйл ямар учиртай юм бэ” гэж асуухад “Худал мэдээлэл, тийм юм байхгүй” гэж хэлж байсан. Би ч “За, тийм үү, төрийн албан хаагч ийм зүйлд холбогдож болохгүй” гээд өнгөрсөн. Одоо хууль, хяналтын байгууллага үнэн мөнийг нь тогтоох байх аа.

Н.Түмэндэмбэрэлийн хувьд санхүү, хөрөнгө оруулалтын дарга хийж байгаад намайг ажил өгсний дараа Н.Хүрэлбаатарыг сайд болоход Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон очсон шүү дээ. Түүнтэй холбоотой тоног төхөөрөмжийн тендерийн асуудал цагдаад шалгагдаж байгаа юм байна. Намайг яаманд очихоос өмнө хоёр, гурван жил ажиллачихаад байсан хүн л дээ. Тэдэнтэй холбоотой хэрэг намайг ажлаа өгснөөс хойшх хугацаанд хамааралтай. Сайдын хувьд бол тендер, худалдан авалтыг УИХ-аас батлагдсан дүнгийн дагуу тушаал гаргаж, төрийн нарийн бичгийн даргад үүрэг өгдөг. Түмэндэмбэрэлийн холбогдоод байгаа тендер намайг ажлаа өгснөөс хойш зарлагдсан, худалдаа, шилжүүлэг нь хийгдсэн юм билээ. Тэгэхээр аль алиных нь хэргийн талаар надад мэдэх зүйл алга. Аливаа тендер шалгаруулах, тендерийн үнэлгээний хороо байгуулах зэрэг ажлыг Төрийн нарийн бичгийн дарга хариуцдаг л даа. Сайд бол хуулиар энэ асуудалд холбогддоггүй юм. Энэ бол надтай холоотой асуудлууд биш. Ажилдаа сайн, салбарын хүмүүсийнх нь хувьд би итгэл өгөөд ажиллуулсан, би нэг ч хүнийг өөрчилж солиогүй л дээ.

З.ОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж