-Энэ жилийн ЭЕШ-д хэдэн хүүхэд оролцож байгаа вэ. Өнгөрсөн онд төгсөгчдөөс хэд нь энэ жил шалгуулах бол. Хүүхдүүд ямар хичээлийг илүү сонгож шалгалт өгч байна вэ?
-Энэ жилийн ЭЕШ-д 43875 хүүхэд орохоор бүртгүүлсэн. Тэдний 6440 нь өнгөрсөн онд сургууль төгссөн хүүхдүүд байгаа. Маргааш өглөөний шалгалт 10 цагаас эхлэхэд шалгалтын байруудыг бэлтгэсэн байгаа. Энэ жилийн хувьд математикийн шалгалт өгөхөөр 37792 хүүхэд бүртгүүлсэн нь хамгийн олон хүүхэд сонгосон хичээл болж байгаа юм. Түүний дараа англи хэл, нийгмийн ухааны хичээлийг хүүхдүүд түлхүү сонгожээ. ЭЕШ-д оролцсон шалгуулагчдын дүн оноо 2013 оны долдугаар сарын 1-ний өглөөний есөн цагт манай Боловсролын үнэлгээний төвийн www.ecc.mn сайтад тавигдана.
-Шалгуулагчдын материалыг машинаар уншуулдаг байж дүнг дэндүү олон хоног хүлээлгэж байна гэсэн гомдлыг эцэг эхчүүд хэлдэг. Үүнд ямар хариу өгөх вэ?
– Шалгуулагчийн материалыг машинаар уншуулдаг хэдий ч Монгол орон даяар 43875 хүүхэд шалгалт өгч байгаа гээд бодохоор 14 хоног нойр хоолгүй ажиллахад хүрдэг. Машинд уншуулсан хариултын хуудсыг нэгтгэхэд их хөдөлмөр зарцуулдаг.
-Машины дүнд эргэлзэх нь бий?
-Шалгалтын дүнд эргэлзэх зүйлгүй. Шалгуулагчдаас дүн оноондоо сэтгэл ханамжгүй дахин нягтлуулахаар бидэнд хандаж өргөдөл гаргадаг. Гэвч өөрсдөө л алдаа гаргасан байдаг. Нэг асуултад хоёр харилт сонгох ч юм уу, нэгийг нь дугуйлаад нөгөөг нь цэглээд орхичихсон бол алдаанд тооцогдоод явчихна. Учир нь машин унших учраас. Тиймээс хариултын хуудсыг журмын дагу бөглөхөд анхаарах хэрэгтэй. Дугуйгаас нь давуулан будах, илүү гаргах, нэг хариулты сонгочихоод буцаад баллах зэрэг алдаа түгээмэл гардаг. Түүнээс биш машин буруу нушсан тохиолдол урьд өмнө гарч байгаагүй.
-Эхлээд дугуйлсан хариулт буруу гэдгийг гэнэт санавал хуудсаа солих, шинэ хуудас авах боломж бий юү?
-Хуудас сольж авах боломж огт байхгүй. Хариултын хуудас, шалгалтын дэвтрүүд тухайн зааланд байгаа хүүхдийн тоогоор очсон байдаг. Тиймээс шалгалтын өмнө багш нар хариултын хуудсаа бөглөхөөс өмнө эцсийн хувилбараа дугулахыг сануулдаг. Шаблоноо дугуйлахын өмнө шалгалтын дэвтэртээ сайн ноороглох хэрэгтэй. Буруу бөглөсөн хуудсыг солих боломжгүй, солилоо гэхэд цаг хүрэлцэхгүй шүү дээ.
-Шалгалтын цаг хүрэлцээтэй байж чаддаг уу?
-Нийт 10 төрлийн хичээлээр ЭЕШ авч байгаа. Эдгээрийн математик, физик, химийн хичээлүүдийг 100 минутад багтаан авдаг бол бусад долоон төрлийн хичээлийг 80 минутад багтаан хийх ёстой. Энэ бол хангалттай хугацаа.
-Их дээд сургуулиудын босго оноонд өөрчлөлт орсон уу?
-Энэ асуудал манайд хамаардаггүй. Их дээд сургуулийн консерциум босго оноог тогтоодог.
-Шаблон бөглөдөг хэлбэр өөрчлөгдөх үү, эрвээхэй хэлбэртэй байх юм уу гэсэн асуултыг шалгуулагчид хэлж байна?
-Шаблоныг дугуй хэлбэрээр бөглөнө. Энэ хэзээ ч өөрчлөгдөж байгаагүй.
-Пламастер болон бусад төрлийн үзгээр бөглөж болох уу?
-Үгүй ээ, пламастер болон харандаагаар бөглөх боломжгүй. Хар юм уу хөх өнгийн үзгэн балаар л бөглөх ёстой. Өөр төрлийн үзгээр бөглөвөл машин уншихгүй.
-ЭЕШ-ын зарим асуулт алдаатай орсон байх нь бий. Ийм тохиолдолд яаж шийддэг вэ. Өргөдөл гаргаж алдаатай асуултын хариуг залруулдаг гэсэн. Ийм тохиолдолд бүх хүүхдийн хариултыг залруулах уу?
-Алдаатай асуулт орсон тохиолдол бараг үгүй. Мэргэжлийн багш нар боловсруулсны дараа эксперт хийдэг болохоор алдаатай асуулт гарах нь ховор. Хэвлэлтээс шалтгаалан зөв хариулт нь ороогүй тохиолдол ганц удаа гарч байсан. Энэ мэт алдаа дахин давтагдахгүй.
-Шалгалтад үелэх систем, тооны машин, гар утас авч орж болох уу?
-Шалгуулагч шалгалтад орохдоо бүрдүүлэх дөрвөн материалаас гадна үзэг л авч орох ёстой. Таблиц, тооны машин, үелэх систем авч орохыг хориглоно. Гар утастай орсон тохиолдолд утсыг унтраалган ширээн дээр нь тавиулдаг. Олон хүүхдийн утсыг хураан авах боломжгүй учир. Дээр нэрлэсэн эд зүйлсийг шалгалтад авч орсон тохиолдолд шалгалтаас гаргадаг номтой.
-Хориглосон зүйлс авч орсноос шалгалтаас гаргасан тохиолдол хэр элбэг байдаг вэ?
-Хориглосон эд зүйлс авч орсон болон хуулсан тохиолдолд хянагч багш нар гаргах эрхтэй. Шалгалтын үеэр зөрчил гаргавал хамт шалгуулж буй хүүхдүүд аяндаа хэлдэг юм.
-ЭЕШ-д орохдоо бүрдүүлэх үндсэн дөрвөн зүйл гэдэгт юу юу багтах вэ?
-Бүртгэлийн хуудас. Энэхүү бүртгэлийн хуудсанд хүүхдийн өөрийнх нь зураг байхын дээр тухайн сургуулийн захирал нь гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан байх ёстой. Мөн иргэний үнэмлэх, суудлын хуваарь бүхий шар хуудас, бүрэн дунд боловсролын гэрчилгээг зайлшгүй авч очно.
-Бүрэн дунд боловсролын гэрчилгээг өгөөгүй сургууль гэж байхгүй биз дээ?
-Төгсөгчдийн бүрэн дунд боловсролын гэрчилгээ эрт тараагдсан. Тухайн сургуулийн багш нараас шалтгаалж хойшилсон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ЭЕШ-ын өмнө өгсөн байх учиртай.
-Иргэний үнэмлэх авах насанд хүрсэн хэдий ч үнэмлэх нь хэвлэлтээс гараагүй хүүхдүүд олон байна. Мөн иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй төгсөгчид яах юэ?
-Иргэний үнэмлэх авах насанд хүрсэн боловч үнэмлэх нь хэвлэлтээс гараагүй төгсөгчид Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгосон лавлагаа болон төрсний гэрчилгээний хамт үзүүлж байж шалгалтад орно. Харин насанд хүрээгүй байгаа сурагчид сургуулийнхаа захирлаас зурагтай тодорхойлолт авч, төрсний гэрчилгээний хамт авч очих ёстой.
-Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээгээ гээгдүүлсэн бол яах вэ?
-Хаяж гээгдүүлсэн бол гадаад паспорт, жолооны үнэмлэхээр шалгалтад орж болно. Гэвч сурагчдад эдгээр бичиг баримтын аль аль байхгүй бол Улсын бүртгэлийн газраас лавлагаа авсан байх учиртай.
-Дөнгөж сая бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ гээчихлээ гэж танайд хандаж байх шиг байна ийм тохиолдол олон байдаг уу?
-Ийм тохиолдол мэр сэр гардаг. Суурь боловсролын гэрчилгээг эх хувиар нь үзүүлэх учиртай. Гээж үрэгдүүлсэн тохиолдолд нийслэлийн боловсролын газраас дахин авах ёстой. Шалгалт тулчихсан үед бичиг баримтаа гээнэ гэдэг тухайн хүний өөрийнх хариуцлага, ухамсраас шалтгаалж буй хэрэг.
-Шалгалт өгөх хугацаа нь дуусаагүй байхад материалыг хураан авсан тохиолдол ноднин жил гарч байсан. Энэ алдааг давтахгүй байх боломжтой юу?
-Ноднин жил 100 минутаар хийх шалгалтыг 80 минутад дуусгасан тохиолдол гарч, хянагч багшид хариуцлага тооцсон. Энэ жил алдааг давтахгүйн тулд зааварчилгаа өгсөн. Дахин давтахгүй гэдэгт найдаж байна.
-Суудлын хуваарь бичсэн шар хуудсаа авахаар дугаарласан хүүхдүүд танай гадаа олон байна. Яагаад ийн орой авч байгаа юм бол?
-Манай байгууллагаас суудлын хуваарь буюу шар хуудас авч буй хүүхдүүд бол ноднингийн төгсөгчид. Энэ жил ЕБС төгсөж байгаа хүүхдүүдийн хувьд сургууль дээр нь тараасан. Бид ноднингийн төгсөгчдийн шар хуудсын тавдугаар сарын 27-ноос эхлэн өгч байгаа ч оройтуулж авч байгаа нь олон байна. Өнөөдөр ажлын цаг дуустал шар хуудсыг олгох болно.
-Ямар нэг шалтгаанаар шалгалаас хоцорвол яах вэ. Зам түгжрэх, унаа машин саатах гэхчилэн санаандгүй саад их байдаг?
-ЭЕШ-ын журамд зааснаар шалгалтын сэдэв, материалыг задалснаас хойш очсон шалгуулагчийг тухайн шалгалтад оруулахгүй байхаар заасан байдаг. Тиймээс шалгуулагч хүүхдүүд болон эцэг эхчүүд замын түгжрэл болоод бусад эрсдлийг тооцон шалгалт өгөх сургууль дээрээ эрт очсон байх ёстой. Эрсдлийг тооцох үүднээс бид сурагчдыг аль болох өөрсдийнх нь амьдарч буй дүүрэгт шалгалт өгөх байдлаар зохицуулахыг хичээсэн.
-Шалгалтын сэдэв, материал өмнө нь задарсан байх вий гэсэн болгоомжлол эцэг эхчүүдэд байдаг. Өмнө нь задарсан тохиолдол бий юү?
-Тийм зүйл байхгүй. ЭЕШ-ын сэдэв, материалыг боловсруулсан багш нар материалыг Тагнуулын ерөнхий газарт хүлээлгэн өгдөг. Шалгалт өгөх өдөр ТЕГ-аас хүлээн авдаг болохоор энэ талаар хар буруу санах хэрэггүй гэж хэлмээр байна.
– Маргааш өглөө шалгалт өгөх гэж буй хүүхдүүдэд хандаж юу хэлэх вэ?
-Хүүхдүүд ЭЕШ өгнө гэхээр айж тэвдэх, эсвэл шалгалтын өмнөх орой ядартлаа хичээл хийснээс шалгалтаас хоцрох, шалгалтан дээр нойрмоглох байдал түгээмэл ажиглагддаг. Тиймээс айж тэвдэлгүйгээр хувийн бэлтгэлээ базаах хэрэгтэй байна. Шалгалт өгөх үедээ цагаа зөв хуваарилан шаблоноо бөглөхгүй бол цагтаа багтааж амжихгүй байх нь бий. Мөн зөв хийсэн зүйлээ буруу бөглөсөн тохиолдол ч гардаг. Энэ бүхнийг анхаараарай гэж хэлье.
-Шалгалтын хуваарийг дэлгэрүүлэн танилцуулж болох уу?
-Зургадугаар сарын 14-ний баасан гаригт өглөөний 10 цагаас орос хэлний хичээлээр шалгалт эхэлнэ. Мөн өдөр хими, англи хэлний шалгалт авна. Зургадугаар сарын 15-ны бямба гаригт 8:30 цагаас монгол улсын түүх, 11:30 цагаас математик, 14:30 цагаас биологи, 15 цагаас монгол хэлний шалгалт авна. Зургадугаар сарын 16-ны өдөр 8:30 цагаас газарзүй, 11:30 нийгэм, 14:20 цагаас физикийн шалгалт эхэлнэ.
-Энэ жилээс өхлэн бүх төгсөгчид монгол хэлний шалгалт заавал өгнө гэх юм энэ үнэн үү?
-Энэ жил шалгуулагч бүр өгөх албагүй. Харин 2014 оноос эхлэн бүх төгсөгчид монгол хэлний хичээлээр ЭЕШ өгөхөөр журамд заасан.