ОХУ-ын Хантымансийск хотноо шатрын блиц, рапидын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. Уг тэмцээнд манай улсаас их мастер Б.Гүндаваа, ФИДЕ мастер З.Бямбаа нар оролцсон бөгөөд өнөөдөр эх орондоо ирж байна. Тэмцээнд нийт 48 тамирчин өрсөлдөв. “Шунхлай групп”, Өвөрхангай аймаг, үндэсний шигшээ багийн тамирчин, их мастер Б.Гүндаваа энэ удаагийн тэмцээнд АНУ-ын их мастер Гата Камскиг хараас хожжээ. Мөн Азейрбайжаны их мастер Мамедов Рауфийг буулган авсан юм. Ингэснээр 2700-аас дээш рейтингтэй супер их мастерыг хожсон анхны монгол шатарчин нь Б.Гүндаваа болж байна. Тэрээр энэ сарын 28-нд Инчеоныг зорих бол дараа нь Казаньд болох оюутны “Универсиад” наадамд эх орноо төлөөлөн оролцох юм.
Б.МӨНХЗУЛ
Эх сурвалж: "Спортын шуудан" сонин.
Эх сурвалж: "Спортын шуудан" сонин.