
-Өглөөний мэнд Солонгоо, уран бүтээлийн олз арвинтай байгаа гэж сонссон. Саяхан бас Улаан-Үд явсан гэсэн. Энэ талаар сонирхуулаач?
-Та бүхэнд ч гэсэн өглөөний мэнд хүргэе. Тийм ээ, бид уран бүтээлдээ эргэн орсон. Өдөр хоногийг их завгүй өнгөрүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт Улаан-Үд явчихаад ирсэн. Тэндхийн гоо бүсгүй шалгаруулах ёслолын арга хэмжээнд урилгаар дуулчихаад ирлээ. Ажлынхаа хажуугаар хэд хоног сайхан амарсан шүү.
-Ямар уран бүтээлээсээ тэндхийн үзэгчдэд хүргэв ээ?
-“Чихэнд минь шивнээрэй”, “Hot disco” зэрэг дөрвөн дуугаа дуулсан.
-“Жинхэнэ хайр” тоглолтоо DVD болгож байгаа гэсэн. Хэзээ хэвлэлтээс ирэх вэ?
-Хэдхэн хоногийн өмнө ирсэн. Одоогоор бид дотнын найз нөхөд, хамтарч ажилласан хүмүүстээ бэлэг болгон өгч байгаа. Тун удахгүй хэвлэлийн хурал зарлаж, олонд танилцуулаад, худалдаанд гаргахаар төлөвлөсөн.
-Хамтлагийн тань бүх клип DVD-нд багтсан уу?
-Үгүй ээ, зөвхөн “Жинхэнэ хайр” тоглолт маань бүрэн эхээрээ багтсан.
-Хоёр дахь цомгийн ажил хэдэн хувьтай байна вэ?
-“Hot disco” цомгийн ажил 50 хувьдаа орсон. Одоогоор бичлэгийн шатандаа явж байгаа. Цомгийн ерөнхий продюсерээр Д.Болд ах ажилласан. Ихэвчлэн орчин үеийн дуунууд багтсан байгаа.
-Нээрээ “Universe best songs-2013” наадмаас реппэр А.Дөлгөөнтэй хамтарч дуу хийж, дүрсжүүлэх эрх бэлэглэсэн. Дуугаа хэзээ гаргах бол?
-Бид өнгөрсөн долоо хоногт “White arch” студи дээр бичлэгт орсон. А.Дөлгөөн маань монголоор үглэсэн. Дууны хувьд dance стилийн дуу байгаа. Одоогоор нэрийг нь хэлээд яахав. Нууц хэвээр үлдэг. Удахгүй дүрсжүүлэхээр төлөвлөсөн. Фэнүүдтэйгээ удахгүй шинэ клипээр уулзана.
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин
