-Сөрөг хүчний зүгээс аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд хууль бусаар томилсон тухай мэдэгдсээр байгаа. Дорнод, Хөвсгөл аймгийн Засаг даргыг хэзээ томилох гэж байна вэ?
-Хоёр аймгийн Засаг даргын томилгоо хүлээгдэж байгаа учраас хуучин дарга нар нь үндсэндээ ажлаа үргэлжлүүлээд явж байна. Тухайлбал, Хөвсгөл аймагт Л.Цэрэнжав дарга Засаг даргаа хийгээд явж байгаа бол Дорнод аймаг ч мөн хуучин Засаг дарга Ц.Жанлав нь ажлаа хийгээд явж байна. Энэ аймгийн ИТХ-д би маш тодорхой хэлж байгаа, “ИТХ-аа хийгээд олонхийн санал авсан хүнийхээ нэрийг Засаг даргад томилуулахаар өргөн мэдүүл” гэхээр одоо хүртэл хурлаа хийж чадахгүй байна л даа.
-Арилжааны банкуудаар орж, жилийн найман хувийн хүүтэй олгох ипотекийн зээлийн талаар асуухад “Бэлтгэл хангагдаагүй, Монголбанкны зүгээс ерөнхий мэдэгдэл ирүүлсэн. Мэдэгдэл төдий мэдээлэлтэй байна” гэж хэллээ. Ирэх даваа гаригаас иргэдэд орон сууцны найман хувийн зээлийг олгож чадах уу?
-Зээлийг хэлсэн ярьсандаа олгоно. Олон хүнд үлгэрийн юм шиг, итгэхэд бэрх санагдаж байгаа байх. Шийдвэр гаргахад ч амаргүй байсан, бид найм, есөн сарын турш судалгаа хийсэн, нөр их хөдөлмөрийн үр дүн. Бараа бүтээгдэхүүний үнийг буюу инфляцийг багасгаж нэг оронтой тоонд оруулж ирснээр жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг иргэдэд олгох боломж бүрдсэн. Цаашдаа ч бид инфляциа барихгүй бол зээлийн хүү өсч болзошгүй, маш амаргүй ажлыг бид эхлүүлэх гэж байна. Тийм учраас Монголбанк арилжааны банкуудтай ярьж, тавьж байгаа шаардлагыг нь хангаж буй арилжааны банкуудаар дамжуулж иргэдэд энэ зээлийг өгнө. Тэгэхдээ бүх иргэнд хүргэнэ гэж ойлгох хэрэгтэй.
-Найман хувийн зээл авахын тулд тухайн худалдан авах орон сууцныхаа урьдчилгаа 30 хувийг төлөх болж байгаа. Урьдчилгаа төлж чадахгүй зорилтот бүлгийнхэнг яах вэ?
-Урьдчилгаа төлбөр 10-30 хувь байна гэдэг нь хоёр зүйлээс хамаарна. Нэгдүгээрт, банк тухайн зээлдэгчийн ажил, орлогынх нь тогтмол эх үүсвэрийг банк нягталж байж хувиа тогтооно. Хоёрдугаарт, зорилтот бүлэг гэдэг юм уу, залуучууд, ахмадуудыг орон сууцаар хангахын тулд одоогийн 10-30 хувь хүртэл урьдчилгааг яаж тэдэнд боломжтой болгох вэ гэдэг дээр Засгийн газар ажиллана. Намраас нааш энэ схем босохгүй.
-Ипотекийн зээлд хамрагдах иргэн тухайн худалдан авах орон сууцныхаа 30 хүртэл хувийн урьдчилгаа төлнө гэдэг шаардлагыг банкны зүгээс тавихаар орон гэргүй орон сууцтай болох иргэд хамрагдаж чадахгүй болчих юм биш үү. Тэдний оронд өмнө нь өндөр хүүтэй орон сууцны зээл авсан иргэд зээлийн хүүгээ найман хувь руу шилжүүлж, эргээд зээлийн эх үүсвэрт хомсдол үүсэх вий гэдэг болгоомжлол байна. Ер нь орон гэргүй иргэдийг орон сууцжуулах бус байртай мөнгөтэйдээ боломж олгосон журам боллоо гэж шүүмжлэх хүн байна. Гуравт, орон сууцтай иргэнд хоёр, гурав дахь орон сууцны зээл авах нөхцлийг нь хязгаарласан заалт журамд оруулах ёстой юм биш үү?
-Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэгчээр юм болж байна. Өмнө нь жилийн 16 хувийн хүүтэй зээл авсан иргэн энэхүү журам хэрэгжсэнээр орон сууцныхаа зээлийн хүүг найм болгож бууруулна гэдэг хоёр дахин буурна гэсэн үг. Зээлтэй байгаа иргэдийн хувьд энэ шиг том боломж дэмжлэг байхгүй. 10-30 хувийн урьдчилгаа төлнө гэдэг одоо ч байгаа журам. Байртай хүмүүсийн тухайд хуучнаа барьцаанд тавиад яагаад шинийг авч болохгүй гэж.. . Хуучин байрыг найман хувийн зээлээр худалдаж авах бололцоог ч нээлттэй үлдээсэн шүү дээ.
-Монголбанкны зүгээс 5.5-7 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудад олгох замаар барилгын компаниудад хямд хүүтэй зээл өгч байна гэж мэдэгдэж байсан. Гэвч арилжааны банкууд энэ зээлийн хүүг нэмэгдүүлж хоёр оронтой тоонд шилжүүлснээс орон сууцны үнэ одоогийнхоос өсөх хандлагатай байна гэж Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч ярьж байна. Үүнд зохицуулалт хийх боломж бий юу?
-Монголбанктай ярьж байгаад барилгын компаниудад 380 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон. Ийм дэмжлэгийг барилгын компаниудад олгохгүй болохоор барилга босохгүй байна. Яагаад гэвэл иргэд орон сууцны зээл аваад урьдчилгаагаа барилгын компанид өгөөд түүгээр нь барилга босно гэхээр босох ч үгүй байна. Тийм учраас 60 гаруй компани дээрх 380 тэрбум төгрөгөөс зээл аваад дутуу барьсан барилгаа гүйцээгээд явж байгаа. Орон нутагт барилга барьж байгаа компанид 5.5 хувийн, нийслэлд 7 хувь гэж тооцдог. Тэгэхдээ энэ бол Монголбанкнаас гарч байгаа зээлийн хүү, үүн дээрээ арилжааны банкууд үйл ажиллагааны зардлаа нэмээд цаад барилгын компанидаа зээл олгоно. Ер нь өнөөдөр зээлийн хүү хэд байгаа билэ. Арилжааны шугамаар зээл авахад сарын хүү нь 1.5-1.2 хувь. Хамгийн багаар нь тооцоход жилийн зээлийн хүү 24 хувь болно. Тэгэхээр төв банкнаас гарч байгаа зээл арав дотор орж ирэх нь компаниудад маш том боломж. Зарим тохиолдолд яагаад 10 хувь давчихаж байна вэ гэхээр тухайн арилжааны банк “Зээл авах чадамж ямар байна, өмнө зээл авч байсан уу, буцаагаад төлж байсан уу” гээд олон шалгуураас хамаараад нэг ёсны тухайн компанийнхаа найдвартай байдлаасаа хамаараад хэлбэлзэх тохиолдол бий.
-Оюутолгой зэсийн баяжмалаа маргаашнаас эхэлж экспортолно гэсэн ч хойшиллоо. Ямар шалтгаан гарсан юм бол. Таныг нээлтэд нь оролцоно гэж дуулдсан?
-Оюутолгой анхны баяжмалаа маргааш гаргана гэж байсан ч ирэх долоо хоногийн баасан гаригт болгох санал тавьсан. Бидний хувьд экспортлох зэсийн мөнгө Монгол Улсын дансанд орж ирэх ёстой шүү гэдгээ л хэлж байгаа. Өөр зүйл шаардаад нэхээд байгаа зүйл үгүй.
-Засгийн газраас явуулж байгаа үйл ажиллагаанууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль руу чиглэх боллоо гэх шүүмжлэл гарах боллоо. Мөн Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг нэр дэвшигч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой нэлээн санал зөрөлдөх боллоо гэх яриа ч дуулдаж эхэллээ. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Шинэчлэлийн Засгийн газар хийж, хэрэгжүүлж байгаа ажлаа тайлагнаж байгаа, түрүүчээсээ үр дүн ч гарч байна.
Нэг юмыг хэлчихэд, Засгийн газар хийж байгаа ажлаа олон нийтэд хүргэнэ, ухдаг газраа газраа ухна. Эцэслэгдсэн ажлаа хүлээж авна. Сонгууль болж байна уу, болоогүй байна уу хамаагүй Засгийн газар түүнээс хамаарахгүй ажлаа хийнэ. Хоёр дахь асуултын тухайд, манай намаас нэр дэвшигчийн нэр хүнд их сайн яваа. Өнгөрсөн дөрвөн жилд олон сайн ажлыг эхлүүлсэн учраас энэ нь ч нэлээн нөлөөлж рейтинг өндөр яваа юм. Монголын төр засаг цаашдаа тогтвортой байж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэдэг хүн дахин сонгогдож эхлүүлсэн ажлаа цааш нь үргэлжлүүлж илүү хийх ёстой гэж үзэж байна. Ер нь сонгууль болоход хоцорч яваа хүмүүс нь урд талд яваагаа өөлдөг, хов жив чулууддаг, хойгуур нь яс хаядаг. Тийм л юмнаас үүдэж наад яриа чинь гарсан болов уу даа. Сонгууль эхэлснээс хойш намын даргын хувьд намынхаа ажилд нэлээд цаг зарцуулж байгаа, нууц биш. Долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт сонгуулийн штабаа байнга цуглуулж ажиллаж байна.
-Шинэ төмөр замын хөрөнгө шийдэгдсэн үү. Хэдий хэмжээний хөрөнгө зарцуулах вэ, шийдсэн бол?
-Шинэ төмөр замд Чингис бондын хөрөнгөөс 200 сая ам.долларыг хуваарилсан.
-Албан тушаалтнуудтай холбоотой авлига, их хэмжээний хөрөнгө мөнгө идсэн уусан хэрэг илэрч, зарим хэрэгт холбогдогсод нь захаасаа шийтгэлээ хүлээж байна, тухайлбал,МИАТ-ынхан. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Баярцогтыг чөлөөлж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнг ажлаас нь чөлөөлөх ёстой гэж байр сууриа илэрхийлсэн байдаг. Та ямар байр суурьтай байна вэ?
-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш авлига хээл хахууль Монголын нийгэмд яаж ялзартлаа бугшсан бэ гэдгийг харлаа ш дээ. Татварын нэг байцаагч 17 тэрбум төгрөг аваад идчихэж байна, энэ бол ердөө мөсөн уулын орой. МИАТ гэдэг чинь бас мөсөн уулын орой. С.Баярцогт гишүүний асуудлыг Ардчилсан намын бүлэг дээр яриад УИХ-ын дэд даргын албаа өгнө гэсэн. Ёс зүйн хувьд хийх ёстой алхам гэсэн. Г.Дэнзэнгийн хувьд тайлбараа хийсэн, хангалтгүй байна гэж үзсэн учраас өнөөдөр ажлаа өгсөн.
-Ё.Отгонбаяр гишүүний хувьд сайд байхдаа төсвийн мөнгийг эхнэрийнхээ данс руу оруулж угаасан байж болзошгүй гэж үзэн шалгаж байна. Сайдууд төсвийн мөнгийг хувийн данс руу оруулах боломж байдаг юм уу. Долоо хоногийн хугацаанд яамд төсөв дэх мөнгийг хувийн данс руу оруулж түүнээс нь хүү авдаг жишиг тогтсон гэж яригдаад байна. Тийм боломж байдаг юм уу
-Ёстой мэдэхгүй юм асууж байна. Улсын төсвийн мөнгийг хувийн данс руу оруулна гэж миний толгойд багтахгүй байна, онолын хувьд боломжгүй. Яаж тэр чинь… Хоёр, гурван Засгийн газар дамжиж үзлээ, тэр мөнгийг хувийн дансаар гаргаж өгнө гэж байхгүй.