Спортын болон уран сайхны гимнастикийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөлөө. “Буянт-Ухаа” спортын ордонд болсон уг тэмцээнд 15 байгууллагын 225 тамирчин 13 зэргийн ангилалд өрсөлдлөө. Тус тэмцээнээс шалгарсан тамирчид ОХУ-ын Новосибирск ийн олон улсын тэмцээн, Казань хотод болох оюутны “Универсиад”, Зүүн Азийн наадамд оролцох эрх авсан. Мөн Солонгост болох олон улсын тэмцээнд оролцох тамирчдыг сонгосон байна. Тэмцээнд залуучуудын олимпийн аварга Г.Эрдэнэболдоос гадна ОХУ-ын Ленинкс-Кузнецк хотноо болсон олон улсын тэмцээнээс мөнгөн медаль авсан Н.Энхтулга, Узбекистанд болсон уран сайхны гимнастикийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Б.Ууганбаяр нарын тамирчин хүч сорьж, өрсөлдөөнийг улам сонирхолтой болгосон байна. Энэ үеэр 2013 онд спортын зэрэг цол хүртсэн тамирчдын шагналыг гардуулсан юм. Аэробикийн олон улсын хэмжээний мастерын болзлыг Г.Наранхүү, Б.Өлзийжаргал, уран сайхны гимнастикийн спортын мастерын болзлыг Б.Оюундарь, А.Болор, спортын дэд мастерын болзлыг Д.Шүрэнцэцэг, Б.Ууганбаяр нар тус тус хангалаа.
Ж.ЖАВЗАНПАГМА
Эх сурвалж: "Спортын шуудан" сонин.
Эх сурвалж: "Спортын шуудан" сонин.