Чойр-Сайншандын замын ажил 70 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2013.06.13-нд нийтлэгдсэн

Чойр-Сайншандын замын ажил 70 хувьтай байна

Урд хөрштэй 600 км-ээр хиллэх газар нутгийг дайран өнгөрөх олон улсын гэгдэх зам ирэх есдүгээр сард ашиглалтад орох гэж байна. Энэ зам нь Дорноговь аймгийн  Чойр сумаас Сайншанд хүртэлх 176.4 км-ыг хамрах бөгөөд АНУ-ын хөрөнгө оруулалттай Монголын мянганы сорилтын сан 100 хувь санхүүжүүлж буй.  Ингэхдээ зам барилгын ажлыг хоёр өөр компаниар зэрэг хийлгэж байна. Тодруулбал, нийт 176.4 км замын 90 км замын ажлыг БНСУ-ын “Халла инженеринг энд Констракшн” корпораци 33.9 сая ам.долларын  санхүүжилтээр хийж байгаа юм. Харин 86,4 км замыг БНХАУ-ын “”Жиангши Уөтэр энд Гидропаувер констракшн” ХХК 31.86 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийх ажээ.

Есдүгээр сард ашиглалтад орох Чойроос Сайншанд хүртэлх замын ажил одоогоор бүхэлдээ 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Замын ажлаар хөрс хуулалт, хайргын суурь, цементээр бэхжүүлсэн суурь, цацлагыг ерөнхийдөө хийж дууссан бөгөөд одоо асфальтан хучилт хийх ажил 87 хувьтай байгаа тухай замын инженер нь хэлсэн юм. Зам барилгын бүтээн байгуулалтын салшгүй нэг хэсэг бол гүүр, хоолой хийх ажил бөгөөд Чойроос Сайншанд хүртэлх замд нийт найман гүүр, 226 хоолой хийх юм байна. Одоогоор хоолойг хийж бүрэн дууссан бол найман гүүрийг долдугаар сарын 20 гэхэд дуусгах ажээ. 

Дорноговь аймаг аялал жуулчлалын бааз суурь болох зорилтыг дэвшүүлсэн тухай аймгийн Засаг дарга П.Ганхуяг хэлж байсан. Ингэхдээ тус аймагт орших Хамрын хийдийг гадаад, дотоодынхон их зорьдог учраас тул хийдийг түшиглэсэн аялал жуулчлалын маршрут гаргаж эхэлжээ. Энэхүү ажилд авто замын ач холбогдол үнэмлэхүйц юм. Улсын хил орчмоор ойрхон өнгөрч буй уг зам ашиглалтад орсоноор зөвхөн аялал жуулчлалын салбарыг дэмжихээс гадна ачаа, зорчигч тээврийн салбарыг мөн идэвхжүүлэх ажээ. Өөрөөр хэлбэл, орон нутгаас суурин газар руу, нийслэл рүү заавал төмөр замаар очих бус авто замаар явах боломж бүрдэж байгаа.

Ийнхүү 60 гаруй мянган хүн амтай Дорноговь аймагт өрнөж буй уг бүтээн байгуулалтад нутгийн иргэд сэтгэл ханамжтай байгаа бөгөөд Даланжаргалан, Айраг сумыг дайран өнгөрч буй  замыг хороолол дундуураа татуулах хүсэлтээ Мянганы сорилтын сангийнханд илэрхийлсэн байна. Тус сангийн удирдлагууд болон замын инженерүүд эхний ээлжинд авто замын үндсэн төслөө хийж дуусгасны дараа хороолол дундуур зам татуулах хүсэлтийг нь зөвлөлдөж үзэх юм гэсэн.

Ямартай ч Америкуудын хөрөнгөөр хийж буй Дорноговийн зам есдүгээр сар гэхэд ашиглалтанд бүрэн орж чадна гэсэн амлалтыг замчид нь хэлж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж