УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн хэргийг
нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ
УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт өнгөрсөн 2012 онд нэр дэвшихдээ ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож буй нэг сая төгрөгийн үлдэгдлийг өөрийн нэр дэвшсэн тойрогт тараасан. Ингэхдээ Сангийн сайдын албан тушаалаа ашиглаж 330 мянга биш, дараа олгох 340 мянган төгрөгтэй хамтатган хүн бүрт 670 мянган төгрөг олгосон хэрэгт буруутган, сэжигтнээр татаж, Улсын мөрдөн байцаах газар/УМБГ/-т шалгаад багагүй хугацаа өнгөрч байгаа.
Түүнийг Эрүүгийн хуулийн 130 дугаар зүйл буюу иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд саад хийсэн хэрэгт буруутай болохыг УМБГ-аас мөрдөн байцаалтын явцад тогтоож хавтаст хэргийг прокурорт шилжүүлээд байсан юм. Харин Нийслэлийн прокурорын газраас Д.Хаянхярваад үүсгэсэн эрүүгийн хэргийг шалгаж, хянах явцдаа нэмж тодруулах зүйл байна гэж үзэн хавтаст хэргийг УМБГ-т саяхан буцаасан байна. Д.Хаянхярваагийн сонгогчдын саналыг худалдаж авсан эсэхийг тогтоох энэхүү маргаант хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцсанаар дахин хэсэг хугацаанд шалгагдах нь тодорхой болж байгаа бололтой.
Хэрэв Д.Хаянхярваа гишүүнийг буруутай болохыг хууль хяналтынхан нотолж, шүүхээс буруутай гэж үзвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэх юм.
даргын хэргийг өнөөдөр шүүхэд шилжүүлнэ
Огт байхгүй хүний нэр дээр ор хоногийн зардал, эмчилгээ, эм гэх мэт зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга С.Тунгалагийн хэргийг Нийслэлийн прокурорын газраас өнөөдөр харьяаллын дагуу шүүхэд шилжүүлэхээр болжээ. С.Тунгалагийг өвчтөний түүх хуурамчаар үйлдэж, эрүүл мэндийн даатгалаас 200 гаруй сая төгрөг завшсан хэрэгт буруутган, өнгөрсөн 2011 оны нэгдүгээр сард эрүүгийн хэрэг үүсгэн, Улсын мөрдөн байцаах газарт шалгаж эхэлсэн байдаг. Олон өвчтөний түүх судалж, олон хүнийг гэрчээр байлцуулах, хохирлын хэмжээг бүрэн тогтоохын тулд хэргийг хоёр жил гаруйн хугацаанд шалгасан гэдгийг албаныхан онцолж байна.
Ховд аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан Г.Нямдаваагийн албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийг Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газар хянаж, шалгаад жил гаруйн хугацаа өнгөрч байгаа. Г.Нямдавааг өнгөрсөн 2011 онд мах боловсруулах үйлдвэр бариулах нэрийдлээр “Баруун Монгол интернэшнл” компанид 350 сая төгрөг хүүгүй олгосон хэрэгт буруутгаж буй. Учир нь түүний хэргийг жил гаруй шалгаж байгаа “Баруун Монгол интернэшнл” компани нь орон нутгийн төсвөөс их хэмжээний мөнгө хүүгүй зээлсэн хэдий ч одоо болтол үйлдвэрээ бариулаагүй байгаа юм.
Засаг дарга асан Г.Нямдаваа “Би энэ мөнгийг ЖДҮ-ийг дэмжихэд ашиглах тухай тогтоол гаргаад байтал ИТХТ-ийн хуралдаанаар энэ тогтоолыг надад мэдэгдэлгүйгээр өөрчилж, “Баруун Монгол интернэшнл” ХХК-ийн шинээр баригдах мах боловсруулах үйлдвэрийг барьцаалан, тав хүртэлх жилийн хугацаатай хүүгүй зээлийн гэрээ байгуулж ажиллахыг үүрэг болгосон байсан. Би энэ шийдвэрт хориг тавих гэсэн боловч надад хугацаа хэтрүүлэн танилцуулсан тул ямар ч арга байгаагүй” гэж тайлбарладаг. Харин прокурорын байгууллагын эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ховдын экс дарга Г.Нямдаваагийн хэргийг хэрэгсэхгүй болгох магадлалтай байгаа гэдгийг нуусангүй.