Бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.06.13-нд нийтлэгдсэн

Бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарч эхэллээ

Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадам болоход сарын хугацаа үлдээд байна. Яг энэ цаг үед бөхчүүд наадмын бэлтгэлдээ гардаг уламжлалтай. Тэгвэл одоогийн байдлаар бөхийн галууд, хаана бэлтгэлд гарсныг сонирхлоо. Энэ жилийн хувьд хамгийн түрүүнд Баян-Өлгий аймгийн “Бес богда бүргэд” дэвжээнийхэн Тэрэлжид сэргэлтийн бэлтгэлд гарсан. Тэгвэл тэдний араас “Булганхангайн хүчтэнүүд” Дуган хад дахь жуулчны баазад наадмын бэлтгэлээ хийж эхлээд байна.

Уг галыг улсын гарьд И.Доржсамбуу ахалж байгаа бөгөөд арслан Д.Азжаргал, заан М.Өсөхбаяр, өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал, Э.Энхбат, аймгийн арслан А.Сүмбээ, Н.Түвшинбаяр, Д.Амаржаргал, Б.Бат-Эрдэнэ, аймгийн харцага Д.Пүрэвдорж, Б.Амбасэлмаа, С.Чулуунхүү, аймгийн начин Д.Ихтамир, П.Даваадорж нарын 30 гаруй бэлтгэлээ хийж байна. Харин Баянхонгор аймгийн “Хонгор нутаг” дэвжээний бөхчүүд улсын харцага Д.Батболдоор ахлуулан хуучиндаа буух гэнэ. Тодруулбал, Бугын сангийн аж ахуйд бямба гаригаас эхлэн бэлтгэлээ базааж эхлэх аж. Дээрх газарт Баянхонгор, Өвөрхангай, “Хилчин” спорт хорооны бөхчүүд бэлтгэлээ хийдэг уламжлалтай.

“Хүч”-ийнхэн “Сүүж”-д, “Сүлд”-ийнхэн Төр хурах дахь бааздаа бэлтгэлдээ гарахаар төвхнөсөн бол Дундговь аймгийн бөхчүүд Гачууртад гарчээ. Архангай аймгийн хүчтэнүүд Найман шарга жуулчны баазад өнгөрсөн даваа гаригаас бэлтгэлдээ орсон. Завхан аймгийн бөхчүүд улсын гарьд М.Баяржавхлангаар ахлуулан “Сүүж” амралтын газарт наадмын бэлтгэлээ базааж эхлэв. Сонирхуулахад, Архангайн “Бөхбилэгт” нутагтаа, Говь-Алтайн “Хантайшир”-ын бөхчүүд Эрдэнэтүрүүд, “Хөвсгөлийн хүчтэнүүд” Цагаан-Үүр сумын Уйлган голын эрэг дээр тус бүр 14 хоногийн сэргэлтийн бэлтгэл хийсэн байна.

Б.МӨНХЗУЛ


Эх сурвалж: "Спортын шуудан" сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж