Шинэ дүрмийн давуу тал болон тамирчид хэрхэн дасан зохицож байгаа талаар олон улсын шүүгч И.Моломжамцаас тодрууллаа.
-ФИЛА-гаас баталсан шинэ дүрмээр анхны тэмцээнээ зохион байгууллаа. Тамирчдад хэр өөрчлөлт орсон байна вэ?
-Жон Петерсоны нэрэмжит тэмцээн маш их оролцогчтой байлаа. Хамгийн гол нь энэ тэмцээн шинэ дүрмээр болсон. Үүнийг манайхан олзуурхаж байгаа. Зөвхөн тамирчид гэлтгүй дасгалжуулагч нарт ч их зүйл ойлгуулж, сургасан. Тамирчдын барилдааны идэвх сайжирчээ. Энэ бол том өөрчлөлт.
Өөрөөр хэлбэл, тамирчид өчнөөн оноо дутуу байсан ч цаг дуусах мөч хүртэл эцсийн хүчээ шавхаж, шийдсэн мэх хийх гэж зүтгэдэг болж.
-Тодруулна уу?
-Чөлөөт бөхийн тэмцээн сүүлийн жилүүдэд сонирхол муутай болсон нь үнэн. Тамирчид болж өгвөл клинч барьц хүлээж, аз үзэх маягтай байсан. Харин одоо довтолж ялалт авах болжээ. Бөхчүүдэд тайвшрах бололцоо байхгүй болж байна. Дөрөв, таван онооны илүү гээд хойшоо сууж хориглолт хийх ямар ч боломжгүй. Яагаад гэвэл ийм оноог нөхөх амархан болсон байна. Барилдааны туршид авсан оноогоор ялалтыг тооцдог болсноор хүүхдүүд онооны төлөө зогсолтгүй явж байна. Энэ тэмцээнд хамгийн дээд тал нь 22 оноо авч өрсөлдөгчөө яллаа. Өмнөх дүрмээр бол дээд тал нь 12 авдаг байв. Босоогоос ард нь гарч унагахад хоёр оноо өгдөг болсон нь их зөв шийдвэр болжээ гэж бодож байна.
-Тэгвэл шүүгч нар хэр их будилж байна вэ?
-Зарим шүүгч алдаа гаргах тохиолдол гарч байна. Шинэдээд тэгсэн байх. Дасаад ирэхээр гайгүй болох байлгүй дээ.
-Монголын чөлөөт бөхийн холбооны зүйгээс тамирчин, дасгалжуулагч, шүүгч нарын дунд шинэ дүрмийг танилцуулах сургалт семинар зохион байгуулсан уу?
-Тийм ээ. Гэхдээ цаашид ч гэсэн шинэ дүрмийг идэвхтэй ухуулан сурталчилж, танилцуулах болно. Би хувьдаа шинэ дүрмийг их олзуурхаж байгаа. Тамирчдыг ур чадвараа гаргах бололцоог олгосон дүрэм болжээ.
-Бөхийн спортын дүрмийг шинэчилсэнээр 2020 оны олимпийн наадмын хөтөлбөрт багтана гэдэгт хэр итгэлтэй байна вэ?
-Итгэлтэй байгаа. Үеийн үед олимпийн хөтөлбөрт багтсаар ирсэн хэдхэн спортын төрлийн нэг нь чөлөөт бөх. Тийм болохоор хасахгүй байх. Тэгээд ч шинэ дүрэм хүмүүсийн бодлыг эргүүлж чадна. Та бүхэн өөрсдөө үзээрэй. Тамирчид эцсийн мөч хүртэл онооны төлөө зүтгэж байна. Энэ нь тухайн тэмцээнийг сонирхолтой болгож байна гэсэн үг биз дээ.
Эх сурвалж: "Спортын шуудан" сонин.