Капитал банк, Зээлийн батлан даалтын сантай хамтран МИШЭЭЛ ЭКСПО төвд 2013 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс 11-ний өдрүүдэд МҮХАҮТанхимаас 17 дахь удаагаа зохион байгуулсан “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи – 2013” олон улсын үзэсгэлэн яармагт амжилттай оролцлоо. МҮХАҮТанхимаас 2013 оныг “Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах бодлогыг дэмжих жил” болгон зарласан. Түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хамгийн их тулгардаг асуудал болох эргэлтийн хөрөнгийн зээл хэрхэн авах, хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг хэрхэн олох зэрэг бэрхшээлүүдийг шийдвэрлэх зорилгоор Монгол улсын Засгийн газраас Жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлого эрчимтэй явуулж байгаа өнөө үед энэхүү үзэсгэлэн явагдаж байгаа гэдгээрээ онцлог юм.
Барьцаа хөрөнгө дутагдалтайн улмаас ихэнх жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид банкнаас шаардлагатай хэмжээний зээлээ авч чаддаггүй. Эдгээр асуудлуудаар КАПИТАЛ БАНК, ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН-тай хамтран уг үзэсгэлэнгийн үеэр бизнесийн зээлийн таатай нөхцлүүд болон зээлийн барьцаа хөрөнгийн батлан даалт гаргаж байгаа тухай мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа.
Мөн Капитал банкны санхүүгийн дэмжлэгээр өрхийн үйлдвэрлэлээ үндэсний үйлдвэрлэл болгон өргөжүүлсэн олон аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр уг үзэсгэлэн яармагт оролцсон юм.