УИХ-ын дарга дөрвөн суманд ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2013.06.13-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга дөрвөн суманд ажиллалаа

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Сэлэнгэ аймгийн Мандал, Орхон, Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор суманд ажиллаж ард иргэдтэй уулзлаа. Энэ үеэр УИХ-аар баталсан хууль, тогтоомжуудын талаар сонгогчдод мэдээлж, орон нутгийн цаг үеийн ажлын явц байдал, зарим аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаатай танилцсан юм.  

Тэрбээр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд ажиллахдаа эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсаны зэрэгцээ уурхайчидтай уулзаж санал хүсэлтийг нь сонслоо.

Орон нутгийн иргэд сонгогчидтой хийсэн уулзалтууд дээр иргэд шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй орон сууцны хөнгөлөлттэй зээлтэй холбоотой асуултууд голчлон тавьж байлаа.

Сэлэнгэ, Дархан-Уул аймаг нь газар тариалангийн гол бүс нутагт хамаардаг. Тиймээс газар тариалангийн салбарт УИХ, Засгийн газрын зүгээс ямар дэмжлэг, туслалцаа үзүүлэхээр ажиллаж байгаа талаар тариаланчид мөн сонирхож байв. Сэлэнгэ аймгийн Мандал суманд аймгийн нийт хүн амын дөрөвний нэг нь буюу 25 мянга гаруй иргэн амьдардаг аж. Тиймээс  тус сумыг хотын статустай болгох хүсэлтийг нутгийн иргэд  гаргаж байлаа. Харин тариаланчдын хувьд тарьсан ногооныхоо борлуулалтад төрийн зүгээс дэмжлэг хүсч байгаагаа парламентын тэргүүнд илэрхийлж байв.

УИХ-ын даргын орон нутагт ажиллаж буй бүрэлдэхүүнд багтсан Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон Боловсрол, шинжлэх ухааны яамны төлөөллүүд иргэдээс тавьсан газар тариалан болон боловсролтой холбоотой асуултуудад хариулт өгч ажиллалаа.

Өнөөдөр УИХ-ын дарга Дархан-Уул аймгийн төвд ажиллаж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж