“Суварга бүтээх” бодол буян дагуулдаг

Хуучирсан мэдээ: 2013.06.13-нд нийтлэгдсэн

“Суварга бүтээх” бодол буян дагуулдаг

“Сайн цагийн 1000 бурханы суварган цогцолбор”-ын нээлт өчигдөр буюу зуны дунд сарын шинийн дөрвөнд боллоо. Нийслэлээс Төв аймаг орох замд Богдхан уулсын өвөр хормойд Бяцхан хөндлөн хэмээх газарт сүсэгтэн олны дэмжлэг, сүсгээр сүндэрлэн босч буй эл цогцолборыг “Дамцагдоржийн Чойлин” хийд буюу “Тангараг Очирт номын төв”-ийн тэргүүн хамба Д.Батсүрэн  анх санаачлан, өдгөө ажил хэрэг болгон зохион байгуулж, ийнхүү нээлтийг нь байгаа ажээ. Энэ удаад хэдийгээр мянган суварга бүгдээрээ босоогүй ч гэсэн “Сүсэгтэн олныхоо дэмээр хийж буй ажил учраас тун удахгүй дуусах байх” хэмээн тэрээр ярьж байналээ. Бурханы номонд “Суварга бол бурханы лагшин, номлол, таалал лугаа барилдсан хамаг бурхдын хурах ордон. Суварга бол бурханы энэрэлээр төрсөн хувилгаан дүрийн газар дээрх сүлд, Суварга бол эрхэс тэнгэрийн эрчсийг эх газарт татан буулгах төв” хэмээн айлдсан байдаг байна. Мөн “Суварга бүтээх нь хүний бурханлиг чанарыг сэвтээж буй гэмийг ариусган, мууг сайнд урвуулаад эрдэм болгоныг гүйцээхийн төлөөх гэгээн үйл” гэж заасан байдаг ажээ. Энэхүү газрыг сонгон суварга бүтээж байгаа нь учиртай гэнэ. Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны “Мингийн жас” хэмээх жасын ловон багш цаг хэцүү үед олон удаа хэлмэгдэж байсан боловч 1952 оноос хойш шавь нар нь түүнийг Бяцхан хөндлөн хэмээх энэ газарт нууж байсан байна. Тэрээр 1978 онд энэ нутагтаа насан эцэслэжээ. Энэхүү ловонгийн шавь нар 1990-ээд оны эхэн үе гарч цаг төр сайжран, шашин ном эргээд дэлгэрэх хүртэл нутагтаа ном хурж байсан учраас “номын их энерги шингэсэн суварга бүтээхэд газар лусын ивээлтэй газар” ажээ. Нэг дор мянган суварга цогцлоон бүтээсэн тохиолдол одоогоор дэлхийн хаана ч гараагүй гэдгийг энд цугласан сүсэгтэн олон, лам хуврагууд хэл байсан юм. Үүнээс гадна нэгэн дор мянган суврага бий болгосноор мянган бурханы чуулах их орд өргөөг босгож байгаа гэсэн үг ажээ. “Сайн цагийн 1000 бурханы суварган цогцолбор”-ын бүрэлдэхүүнд багтаж байгаа нэг суварга нь гурван метр 10 сантиметрийн өндөртэй, наян сантиметрийн өргөнтэй аж. Суврага бүрийг “Нэрийн суврага” болгон бүтээж байгаа бөгөөд нэг ширхэг нь сая таван зуун мянган төгрөгөөр босож байгаа. Хүссэн хэн бүхэн өөрийн нэрийн суврагыг энд босгож болно гэдгийг хийдийн тэргүүн энэ үеэр хэлсэн юм.

“Дамцагдоржийн Чойлин” хийдийн тэргүүн хамба Д.Батсүрэн нь “Дашчойлин” хийдийн гэвш асан аав Я.Дугарсүрэнгээрээ гурван наснаасаа бурханы ном заалгаж найман насандаа Харанга, Хангал, Магтаал гурав үзсэн байна. 1993 онд эцэг Я.Дугарсүрэнгийн хамт Гомбодоржийн зиндаанд зиндаалж, Лянх домд мордож Гунгаачойлин дацанд дом тавьж, өнөөг хүртэл нийтдээ 24 жилийн турш бие, хэл, сэтгэл гурваа бурханы шашны номын зан үйлд зориулж яваа нэгэн ажээ. Түүний аав Төв аймгийн Баян-Өнжүүл сумын хүн байсан бөгөөд 2001 онд таалал төгссөн байна. Тиймээс 13 насандаа бүтэн өнчирсөн тэр цагаасаа энэхүү суварган цогцолборыг бүтээхээр шийджээ. Тэрээр энэхүү мянган суврагадаа Монгол орныхоо тахилгатай ариун дагшин уул, усаас дээжлэн залж барьсан байна. Жишээлбэл Бурхан Халдун, Отгонтэнгэр хайрхан, Сутай хайрхан, Хөвсгөл нуур зэрэг хориод уул, усаас шороо, арц үнэртэн, ус, мод зэргийг залж иржээ. Ингэснээр тус суваргуудад тухайн нутаг орны энерги шингэх учир сүсэглэн залбирч, бясалган цэнгүүлж чадах юм бол уул усандаа очсон мэт эрч хүчийг авах увидастай гэнэ.     

“Сайн цагийн 1000 бурханы суварган цогцолбор”-ын нээлтэд олон газар нутгаас сүсэгтэн олон ирж өөр өөрийн болоод аав ээж, ах дүүгийнхээ нэрийн суваргыг бүтээж байсан юм. Тухайлбал Ноён хутагтын нэрийн суваргыг бүтээхээр хүмүүс Дундговь аймгаас хүрэлцэн ирсэн байсан бол Хүүхэн хутагтын нэрийн суваргыг ч мөн энд босгож байлаа. Бид энэ үеэр сүсэгтэн Ёндонгийн Цэрэнцоо гуайтай уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.

-Сайхан зусаж байна уу? Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Би Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, Дарьганга гаралтай хүн. Харин  Улаанбаатар хотод  ирж суурьшаад жараад жил болж байна даа. Яг энэ нутаг бол манай талийгаач өвгөний нутаг юм.

-Өнөөдрийн энэ суварган цогцолборын нээлтийн талаар сэтгэгдэлээ хуваалцаач?  

-Ийм сайхан буянтай зүйл бүтээж, сүсэгтэн биднийгээ үүндээ оролцуулж байгаа хүүхдүүддээ талархаж байна. Би өнөөдөр энд өөрийн аав ээж, талийгаачийнхаа хойноос буян үйлдэж, суварга бүтээж байна. Их сайхан байна. Эмээ нь одоо наян нэг хүрч байна.  Ер нь бол суварга бүтээж босгохоос гадна “Суварга босгоё” гэж бодоход л буян үйлдэж байдаг юм шүү дээ.

Суварга бүтээхэд есөн эрдэнэ, арц, хүж, гавар гэх мэт бүх үнэртэн, сүншиг мод, суварган дотор багтах ёстой сударнууд, Зүмбэрэлшүгдэнданжийламада хэмээх суварганы сахиус, Алтангэрэл, Гаанжуурын таван боть, бумба, хонх гээд маш олон зүйлс ордог байна. Үүнээс гадна “суварганд хувцас өмсүүлэх” зан үйлийг хийх бөгөөд энэ нь тухайн суваргыг бүтээгч өөрийн энерги, сүлд шингэсэн нэг хувцасаа суварганд залж хийхийг хэлдэг байна. Ингэснээр тухайн хүний сүлд, энерги шингэсэн тухайн суварганд шингэдэг гэж үздэг аж.  Бүтээсэн суваргаа эргэж, мөргөл үйлдэн, тахил өргөснөөр аливаа үйл сэтгэлчлэн бүтэх учиртай. Үүний дотор мөн тавиг ус өргөсөн бүхэн ундаасах өвчингүй болно, хүж өргөсөн нэгэн асар ариуныг олно гэдэг бол зул өргөсөн бүгдийн мунхагийн харанхуй гийнэ хэмээдэг байна.

Т.ДАРХАН







NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж