Оюутолгой арга хэмжээгээ хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.12-нд нийтлэгдсэн

Оюутолгой арга хэмжээгээ хойшлуулжээ

“Ройтерс” агентлаг Монголын Оюутолгой ордод үйл ажиллагаа явуулж буй  “Рио Тинто” групп энэ сарын 14-нд зэсийн бүтээгдэхүүнээ экспортлож эхлэхээр олон улсын сэтгүүлчдэд ёслолын арга хэмжээнд оролцох урилга ирүүлсэн талаар мэдээлсэн. Үүнд “Ройтерс” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар Засгийн газар, төслийг хэрэгжүүлэгчдийн хооронд үүссэн маргааныг шийдэх хүртэл экспортыг хойшлуулаад байсан юм гэсэн тайлбар зүүсэн байсан билээ.

Тэгвэл тодорхой хүрээнд товлогдоод байсан зэсийн бүтээгдэхүүнээ экспортод үдэх арга хэмжээгээ дахин хойшлуулсан бололтой. Тэд Монголын хэвлэл мэдээллийнхнийг зургадугаар сарын 14-нд Оюутолгойд урьсан байснаа хэд хоног хойшлуулахаар болсон гэж мэдэгдсэн аж.

Гэхдээ үүнийг тус компанийн зүгээс экспортын бүтээгдэхүүн гаргах ёслолыг ерөнхийд нь зургадугаар сард гэж товлосон байснаа хэд хоногоор хойшлуулсан, зургадугаар сардаа багтаан арга хэмжээгээ явуулна гэж тайлбарлаж байна. Гэвч үүнээс үүдээд зэсийн баяжмал экспортлохоо яагаад хойшлуулав гэсэн асуулт гарах нь мэдээж.

Өмнө нь буюу өнгөрсөн жилийн есдүгээр сард зэсийн баяжмалаа экспортлож эхэлнэ гэж байсан ч хойшлуулсан нь эрчим хүчний асуудлаа шийдэж чадаагүйгээс үүдэлтэй гэгдэж байсан. Харин энэ удаад энэ жилийн эхнээс яригдсан Хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харахтай холбоотой асуудал үүссэн магадгүй гэсэн таамаг дэгдэх нь бараг тодорхой. Монголын Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардал яагаад нэмэгдсэн талаар тайлбар шаардаж, гэрээний зарим заалтуудыг эргэж харж, ярилцах санал тавьж байсан. Хөрөнгө оруулагч талууд болох Монгол Улсын Засгийн газар, “Рио тинто” группийнхэн хэд хэдэн удаа хэлэлцээрийн ширээний ард суусан боловч асуудал эцсийн байдлаар хэрхэн шийдэгдсэн талаар одоо ч албан ёсны мэдээлэл гараагүй, сураг алдраад байсан юм. Ямартаа ч хоёр талын хувьд хоёуланд нь л баярт үйл явдал болох ёстой экспортод бүтээгдэхүүнээ гаргах ёслолын ажиллагаа дахин хойшиллоо.

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж