Мөнгөө гудсан завсраа хадгалъя

Хуучирсан мэдээ: 2013.06.12-нд нийтлэгдсэн

Мөнгөө гудсан завсраа хадгалъя

Хаанаас ч юм бүү мэд. Ямар нэгэн аргаар их хэмжээний мөнгөтэй бол­сон “сэргэлэнчүүд” үнэхээр ухаан муутай юм. Тэд өөрийн болгосон их хэм­жээний мөнгөө гадаад, дотоодын аль нэг арилжааны банкинд хадгалуулж байгаад л хууль хяналтынханд баригдчихаад байх болж. Уг нь их хэмжээний мөнгийг ямар ч хамаагүй аргаар өөрийн болгосон ухааныг нь бишэрмээр ч, хадгалах, шил­жүүлэх газрыг нь харахаар үнэхээр инээд хүрэх юм. Зарим “сэргэлэн гар нь” мөнгөө арилжааны банкинд хийлгүй гэртэй хадгалах тохиолдол гарсан. Гэвч тэг­сэн ч нэмэргүй, баригдана. Арга ч үгүй дээ. Хэд, хэдэн кодоор онгойдог данхайсан том сейфиндээ мөнгөө хад­галаад байхаар чинь хууль хяналтынхан нэгжлэг хийгээд л олоод авчихна шүү дээ. Үүнийг ч мэдэхгүй, баячууд гэж. Ер нь бол их хэмжээний мөнгөө гэртэй хадгалах нь шилдэг арга. Ямартай ч сейфинд лав биш. Гадаадын толгой баячууд ч гэх юм уу, аль эсвэл буруу замаар их хэмжээний мөнгөтэй болсон “гарууд” бэлэн мөнгө чигээр нь хэзээ ч хадгалдаггүй юм шиг байгаа юм. Тэд маш үнэтэй зураг, эд зүйлс гэх мэтийг худалдан авч, өөр хоорондоо наймаалцаж, мөн­гөө өсгөдөг бололтой юм билээ. Манайхны мөнгө олох арга нь гадаадынхнаас нэг их дутахгүй ч тэдний бус­даас нуун далдлах аргад нь арай л суралцаагүй гэл­тэй. Гадаадынхан ч яах вэ, их хэмжээний мөнгөө уран зураг, үнэт олдвор гэх мэтээр сольж, нуун далдалж чаддаг бол манайхан тэднийг дуурайх гэхээр урлаг, соёл ойлгодоггүй болохоор бэлэн мөнгө чигээр нь хад­галдаг байх. Тиймээс би буруу гараар ч бай, цэвэр хөдөлмөрөөрөө ч бай олсон их хэмжээний мөнгөө нуун далдлах шилдэг, уламжлалт арга зааж өгье гэж бодлоо. Энэ бол гэртэй нуух. Нуух нуухдаа бүр гудсан завсраа нуух. Ингээд нуучихсан бай­хад хэн ч олохгүй. Бүр гэрийнхэн чинь ч мэдэхгүй байх. Харин гудас дээрээ зөвхөн өөрөө унтаж, хэвтэх нь дээр биз. Эс бөгөөс алдчихаж мэднэ. Ямартай ч банкинд хадгалуулснаас хамаагүй дээр. Ганц дутагдалтай тал нь өсөхгүй л юм даа. Яах вэ, мөнгөө бүгдийг нь алдаж байхаар өсгөхгүй найдвартай хадгалуулсан нь мэдээж дээр. Олон данснаасаа болж мөн­гө угаасан хэрэгт ч хол­богдохгүй, үүнээсээ болж хэв­лэлээр ч бичүүлэх байх арга ердөө гудсан завсраа хадгалах юм шүү дээ.

Ж.БАТТУУЛ

Эх сурвалж: "УЛСТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж