Финландын боловсролын шинэчлэгчидтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2013.06.12-нд нийтлэгдсэн

Финландын боловсролын шинэчлэгчидтэй уулзлаа

Боловсрол, шинжлэх ухааны  дэд сайд Б.Ургамалцэцэг тэргүүтэй Боловсрол, шинжлэх ухааны яамны төлөөлөгчид Финланд Улсад 6 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд ажиллаа.

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг Финландын Гадаад хэргийн яам, Боловсрол, соёлын яам, Олон Улсын Боловсролын шинэчлэл, хамтын ажиллагааны газар, Үндэсний Боловсролын газар, Хелсинкийн Их Сургууль зэрэг Засгийн газрын болон боловсролын судалгаа, сургалтын байгууллагуудад айлчилж, хоёр талын боловсролын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, цаашид хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхойллоо.  

Боловсрол, шинжлэх ухааны яам Финландын талтай боловсролын хөгжлийн судалгаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш бэлтгэх их, дээд сургуулиудыг шинэчлэх, боловсролын судалгаа, сургалтын байгууллагуудын шууд хамтын ажиллагааг зохион байгуулах, манай улсын боловсролын эрдэмтэн, судлаачид, ерөнхий боловсролын багш нарын мэргэжлийг Финланд улсад дээшлүүлэх, багш нарыг харилцан солилцох, туршлага судлах, Финландын багш бэлтгэх их, дээд сургуулиудын мастер, докторын сургалтад монголын оюутан, багш нарыг суралцуулах чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо. Финланд Улсын боловсролын систем нь а) хүүхэд нэг бүрийг суралцах адил, тэгш боломжоор хангах, в) хүүхэд нэг бүрт олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсрол олгох, чадвартай иргэнийг төлөвшүүлэх асуудлаар амжилтанд хүрсэн гэж олон улс хүлээн зөвшөөрч байна. Мөн Финланд улс чадварлаг багшийг бэлтгэж, тэдний мэргэжлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлж, багшийн ажлыг нийгэм дэх хамгийн нэр хүндтэй мэргэжлийн нэг болгож, сургууль, багш нарт сургалтын бие даасан эрх мэдэл, хариуцлагыг шилжүүлж чадсан нь боловсролын амжилтын үндэс нь болж байна.  

Финланд Улсын боловсролыг дэлхийн түвшинд хүргэсэн боловсролын шинэчлэлийг тодорхойлогчдын нэг, нэрт эрдэмтэн Паси Салберг Боловсрол, шинжлэх ухааны  дэд сайд Б.Ургамалцэцэгийн урилыг хүлээн авч Монголд ирж Финландын Боловсролын салбарт хийсэн шинэчлэлийн арга зам,  үр дүн, бодит ажлын талаар танилцуулан манай Боловсролын салбарт хийгдэж байгаа шинэчлэлтай танилцаж туршлагаасаа хуваалцахаар боллоо.Финландын Боловсрол, соёлын яам энэ онд өөрсдийн төлөөлөгчидөө Монгол улсад ирүүлж, бодитой хамтын ажиллагаа эхлүүлэхээр боллоо гэж тус яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж