Америкийн балетчид маргааш тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.06.12-нд нийтлэгдсэн

Америкийн балетчид маргааш тоглолтоо хийнэ

Монголын урлагийн зөвлөлийн урилгаар АНУ-ын “Нью-Йорк Сити балет” компанийн  найман гоцлол бүжигчин Монголд ирлээ. Тэд маргааш буюу зургадугаар сарын 13, 14-нд 19.00 цагт  “Америкийн бүжгийн одод” тоглолтоо Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох юм. Америкийн сонгодог урлаг, тэр дундаа балетын урлагийг сонирхуулах уг тоглолтын талаарх хэвлэлийн бага хурлыг өнөөдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын дуу хөгжим сонсдсон танхимд хийлээ. Хэвлэлийн хуралд АНУ-ын бүжигчдийн баг, Монголын урлагийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Ганболд, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдын гэргий, “Төгөлдөр” сангийн тэргүүн Х.Отгонтуяа болон тоглолтыг зохион байгуулагчдын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.

Ийнхүү Америкийн найман гоцлол бүжигчид болон тоглолтын зохион байгуулах менежерүүдээс бүрдсэн баг өчигдөр Монголд буусан даруйдаа нийслэлтэй танилцаж, өнөөдрөөс Монголын бүжигчид, хөгжимчидтэй хамтарч эрчимтэй бэлтгэлээ хийж эхэлсэн байна. Хоёр өдрийн турш үзэгчдийн мэлмийг баясгаж, сонорыг мялаах уг тоглолтоороо Монголд өмнө нь тавигдаж байгаагүй шинэ бүтээлүүдийг сонирхуулахаас гадна П.И.Чайковский, Игорь Стравинский Америкийн хөгжмийн зохиолч Жон Филип Суза, Луй Моро Готшалк нарын хөгжим, Америкийн балетын урлагийн нэрт зүтгэлтэн, бүжиг дэглээч Жорж Баланчины урын сангийн сор бүтээлүүдийг УДБЭТ-ын симфони, найрал хөгжимтэй хамтран толилуулах ажээ.

Маргаашийн тоглолтын хувьд, П.И.Чайковскийн “Хунт нуур”, Жон Филип Суза “Одод ба судал“ балетыг тоглох юм байна. Хэвлэлийн хурлын үеэр Монголын урлагийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Ганболд “Дэлхийн урлагийн сор болсон бүтээлийг монголын үзэгчдэд хүргэх, уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой энэ тоглолт болох гэж байгаад туйлын их баяртай байна” гэж хэлээд соёл, урлагийг дэлгэрүүлэх үйлсэд биднийг дэмжин ажиллаж байгаа хамтрагч байгууллагууддаа талархсанаа илэрхийлсэн.

Харин Уран сайхны удирдагч, Америкийн бүжгийн одод балетын тэргүүлэх гоцлооч, “Танго” , “Татантелла”  балетад гоцлох бүжигчин Даниел Улбрикт “Бид тоглолтондоо  АНУ-ыг илэрхийлэх эрч хүчтэй, өгүүлэмж ихтэй шинж чанарыг гаргахаар нь бодож  бүтээлүүдийнхээ хөтөлбөрийг гаргалаа. Бидний хувьд энд УДБЭТ-ын симфони, найрал хөгжмийн уран бүтээлчидтэй, амьд хөгжимд тоглолтоо хийнэ гэдэгтээ маш их баяртай байна. Мөн биднийг найрсаг дотно хүлээж авсанд баярлалаа” гэж хэлсэн юм.  АНУ-ын бүжигчид шахуу хөтөлбөртэй тул хэвлэлийн хурлыг дуусгаж, бэлтгэлийнхээ танхим руу явсан юм. Ямартай ч АНУ-ын гоцлол бүжигчид Монголыг зорьж байна гэсэн мэдээллийн дагуу сонгодог урлагийг шимтэн сонирхогчид багагүй хүлээсэн бөгөөд Америкийн балетын урлагийн өнгө төрхийг маргааш Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт харуулахаар боллоо.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж