УРЬДЧИЛГАА ТӨЛБӨР 30 ХУВЬ БАЙНА
Сайн, муу мэдээний сайнаас нь эхлэн дээр дурдсан болохоор араас нь саархан гэмээр нэг мэдээллийг хүргэе. Шинээр зээл авах иргэд байрныхаа 30 хувьтай дүйцэх хэмжээний урьдчилгаа төлбөрийг төлөхөөс аргагүй нь. Энэ бол Монголбанкнаас барьж буй хатуу босго. Арилжааны банкууд ч энэ л шаардлагыг тавих ажээ. Аливаа бизнест эрсдлийг тооцдог нарийн жаяг байдагчлан ийн тогтоохоос аргагүй гэж Монголбанкныхан хатуу мэдэгдэж байна. Харин Засгийн газрын зүгээс бол ирэх намраас эхлэн урьдчилгаа төлбөрт хөнгөлөлт үзүүлэх журмыг гаргана гэдгээ амласан гэнэ. Ингэхдээ ямар үзүүлэлтээр хэнд хэдэн хувийн хөнгөлөлт үзүүлэхээ тухайн үед мэдэгдэнэ гэжээ. Түүнээс өмнө зээл авсан хүмүүст уг хөнгөлөлт олгогдох эсэх талаарч Ерөнхий сайд л хариу өгөх юм байна.
Жилийн найман хувийн хүүтэй зээлийг эдийн засагт хийж буй реформ хэмээн зарласан. Үүнийхээ бэлтгэлийг эртнээс базааж, оны эхэнд зээлийн эх үүсвэр болгож 800 тэрбум төгрөг олгохоор гарын үсэг зурсан. Түүнээс энэ жил 500 тэрбум орчим нь л иргэдэд зээл болон гарах болов уу гэсэн таамаглал байгаа ажээ. Учир нь хүн бүр орон сууцтай болохыг хүсч байгаа ч боломж бололцоо нь хүрэлцдэггүй. Өрөөр хэлбэл, хүссэн бүхэнд бус зээлийн урьдчилгаа төлбөртэй, орлого нь зээл эргэн төлөх боломжтой хэсэгт л зээл олгогдох юм. Өнөөдөр Монголд зээл аваагүй хүн ховор. Хэрэглээний, автомашины, цалингийн зэрэг жижиг зээлтэй иргэд эхний ээлжинд тэрхүү зээлээ төлж байж ипотекийн зээлд хамрагдах үүд нээгдэнэ. Нөгөөтэйгүүр зээл төлөх хэмжээ өрхийн сарын орлогын 45 хувиас ихгүй байх ёстой гэхчилэн тооцоод үзэхээр хүссэн хүн бүр зээлд хамрагдах боломжгүй нь үнэн болж таарав. Үүнийг хүмүүсээ ялгаварласан хэрэг, байртай, боломжтойд нь үйлчлээд гэр хороололд амьдардаг хураасан хумисан хөрөнгөгүй ядруу хүмүүст бол хамааралгүй зээл байна гэж шүүмжлэх хүн олон байна. Үүнд Н.Золжаргал ийн хариулж байна.
-Монголын нийт хүн амын 60-80 хувь нь дундаж давхаргынхан гэж үздэг. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар өрхийн дундаж орлого 900 мянган төгрөг гэдгийг зарласан. Тэгэхээр 900 хүртэлх мянган төгрөгийн цалинтай дундаж орлоготой хүмүүсийн тусын тулд энэ найман хувийн хүүтэй зээл үйлчилнэ. Түүнээс биш тэтгэврийн хөгшид, залуу гэр бүл зэрэг урьдчилгаа төлбөр дутмаг, сарын орлого хүрэлцэхгүй хүмүүст зориулсан төрийн орон сууцны тусдаа хөтөлбөр хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, боломжтой болтлоо төрийн орон сууцанд түрээсээр амьдрах болон удаан хугацаанд эргэн төлөх байдлаар өөр хөтөлбөрт хамрагдах юм хэмээн тайлбарлалаа.
Өнгөрсөн хугацаанд монголчуудын авсан зээлийн дийлэнх хэсэг нь хэрэглээнд зориулагдсан байдаг ажээ. 2011 онд л гэхэд нийт зээлийн 70 хувийг цалин, тэтгэвэр, богино хугацаат хэрэглээний зээл эзэлж байв. 2012 онд ч ялгаагүй хэрэглээний зээл л давамгайлж байж. Нэгэнт цалингаа хураагаад орон байртай болох найдваргүйгээс хойш зурагтынхаа инчийг томруулж, машин авч унах зэргээр олсон хэдийгээ үрж зарж санаагаа амраасан гэх үү дээ. Тэгвэл найман хувийн хүү, 30 хувийн урьдчилгаа төлбөртэй ипотекийн зээл зах зээлд нийлүүлснээр хүмүүс жижиг хэрэглээгээ хязгаарлаж, урьдчилгаа төлбөр цуглуулахад анхаарч эхэлнэ гэдгийг мэргэжлийнхэн онцолж байна. Нөгөөтэйгүүр ипотекийн зээлийг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн орлогыг баримталж олгоно. Гэтэл зарим хувийн компаниуд, тэр дундаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын дунд үндсэн цалинг багаар тогтоож нийгмийн даатгалын шимтгэл бага төлөх нь түгээмэл. Ажилтан, ажиллагсдын хувьд чнийгмийн даатгалын шимтгэл их бага төлөх нь ямар ч хамааралгүй мэт ойлгодог. Тэгвэл найман хувийн зээл авахын тулд цалингаа үнэн зөвөөр бичүүлэх шаардлага иргэдэд тулгарахын хэрээр нийгмийн даатгалын сангийн орлого ч нэмэгдэнэ гэсэн тооцооллыг мэргэжлийнхэн хийгээд байна. Ингэж гэмээнэ нийгмийн даатгалын санг ипотекийн зээлтэй уях бодлогын үндэс суурь тавигдах ажээ. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө цаашид 200 тэрбумаар нэмэгдэх боломжтой гэсэн тооцоо ч гарчээ.
Нэгэн үе манай улсын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн. Одоо ч хоёр оронтой хэвээр. Тэгвэл энэ өсөлт яагаад надад, бас танд мэдэгдэхгүй байна вэ. Инфляци Улаанбаатар хотод 8,4 хувьтай гарсан, тэгвэл яагаад махны үнэ өндөр хэвээр байгаа юм бэ гэсэн асуултууд байнга тулгардаг даа. Яг үүнийг бид Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалаас тодрууллаа.
-2012 оны нэгдүгээр улирлаас эхлэн Монгол Улсын эдийн засагт сулрал ажиглагдаж эхэлсэн. Маш эргэлзээтэй хүнд үеийг тууллаа. Энэ хугацаанд махны үнэ буугаагүй ч өсөөгүй биз дээ. Хуучин бол ганц мах төдийгүй хэрэглээний барааны үнийн индекс эдийн засгийн сулралын үед баригдахааргүй өсдөг. Гэвч Засгийн газар Монголбанкнаас үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэд хэдэн салбарт хэрэгжүүлснээр инфляцийг 8,4 хувьд тогтоож чадлаа. Роснефть бүтээгдэхүүнийхээ үнийг 30 хувиар өсгөсөн хэдий ч манайд харин эсрэгээрээ буурлаа. Энэ амжилт биш гэж үү. Эдийн засгийн өсөлт хүмүүст хэзээ мэдрэгдэж эхлэх вэ гэсэн асуултад чинь нийт хүн амын олонхыг эзэлж байгаа дундаж давхаргын хуримтлал бий болсон цагт гэж хариулмаар байна. Хэрэглээг хязгаарлаж хуримтлал үүсгэж гэмээн эдийн засгийн жинхэнэ тогтвортой өсөлтийг бий болгох юм. Өнөөдрийг хүртэл манайхан төрийн халамжийн бодлого, хуримтлалын бодлогыг ялгаж салгаагүй хольж хутгаснаас хүмүүс ч төөрөлдөхөд хүрсэн. Дундаж давхаргынхныг хуримтлалтай болгох эхлэл ипотекийн зээл. Зээлдэгчдийн сар тутам төлж буй төлбөр эргээд өөрт нь хөрөнгө оруулалт болно гэсэн хариултыг өглөө.
Ипотекийн зээлийн хүү буурснаар өмнө нь зээл авсан иргэдэд 30 хувийн хөнгөлөлт мэдрэгдэх төдийгүй хүмүүсийн худалдан авах чадвар ч төдий хэмжээгээр өснө гэдгийг хэлж байна. Өөрөөр хэлбэл өмнө нь зээл авсан иргэдийн дундаж хүү 15,7 хувь. Түүнийг найман хувь болгон бууруулснаар дээрх хөнгөлөлт ирэх ажээ. Одоогийн байдлаар 31 мянга гаруй иргэдэд олгоод байгаа 900 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээл нь ДНБ-ий 7-8 хувьтай тэнцэж байгаа юм. Үүнийг 30-40 хувь, цаашлаад 50 хувьд ч хүргэсэн эдийн засагт эрсдэл үүсгэхгүй гэж Монголбанкны ерөнхийлөгч мэдэгдэв. Харин эсрэгээрээ нааштай олон үр дагавар авчрах ажээ. Хүмүүс цалин тэтгэврээ хэрэглээний зээлд зориулахаа больж, хуримтлуулж эхлэхийн дээр тэр хэрээр олон төрлийн бараа бүтээгдэхүүн, тэр дундаа тансаг зэрэглэлд багтдаг автомашины үнэ буурах хандлага ажиглагдана гэж зарим эдийн засагчид хэлж байна.
Орон сууцны үнийг барихгүй гэж хөтөлбөр хэрэгжүүлэгч талууд хэлж байна. Гагцхүү нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд л анхаарах гэнэ. Ингэхийн тулд барилгын материал үйлдвэрлэгч, барилга орон суц барьж байгуулж буй компаниудад зориулан бага хүүтэй зээлийг олгоод байгаа ажээ. Тэрхүү зээл хаягласан эзэддээ хүрч буй эсэх талаар хяналт санй тавьж байгаагаа Монголбанк мэдэгдлээ. Сэтгүүлчдийн зүгээс өнөөдөр зах зээлд бариад дуусчихсан бэлэн орон сууц хомс байгаагаас хуучин сууцны үнэ өсөөд зогсохгүй, цаашлаад шинэ орон сууцны үнэ өсөх биш үү гэсэн хар дагуулсан асуултыг тавьж байлаа. Үүний хариуд “Бид хатуу үнэ тогтоох ямар ч боломжгүй. Үнэ тогтоох, хязгаарлах бодлого барих тусмаа хөтөлбөр урт насгүй болно. Тиймээс нийлүүлэлтэд л анхаарна” гэсэн хариултыг өгч байна. Засгийн газрын зүгээс ч нийслэл хотод хурдны зам барих, цахилгаан, дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хөдөө орон нутгийг нийслэлтэй замаар холбох зэрэгт анхаарч байгаа нь ч нийлүүлэлтэд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байгаа гэсэн харицлтыг өглөө.
Цаг хугацааны хувьд найман хувийн ипотекийн зээлийн шийдвэр Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө таарсан нь хүмүүст хардлага төрүүлж буй. Зургаан хувийн зээл ч мөн адил УИХ-ын өмнөх жилийн шийдвэр байсан нь хардлагыг улам лавшруулж орхисон юм. Гэвч энэ хөтөлбөрийг Засгийн газар, Монголбанкны ерөнхийлөгч хэн байхаас үл хамааран 15-20 жилдээ айх юмгүй үргэлжлэх боломжтой хэмээн тодорхойлов. Өөрөөр хэлбэл, эдийн засаг өсч буй цагт энэ хөтөлбөр хэрэгжсээр байх гэнэ. Зургаан хувийн зээлийг Хөгжлийн банкны богино хугацаат эх үүсвэрээс ОССК, Төрийн банкаар дамжуулан олгосон нь бодлогын хувьд алдаа байсан болохоос санал санаачлага буруу байгаагүйг мөн хэлж байлаа. Энэ удаагийн зээлийн хувьд анхны эх үүсвэрийг Монголбанк гаргах боловч, алсдаа Нийгмийн даатгалын сангаас гаргахаар шийдсэн нь хүмүүс өөрсдийн төлсөн шимтгэлээрээ санхүүжилтээ үүсгэж, зээл олгох хэрээр сан арвижих боломж бүрдэх ажээ.