МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж цаг үеийн асуудал хэлэлцжээ. Түүгээрээ чухам ямар асуудал хэлэлцсэн талаарх албан эх сурвалжтай мэдээлэл дуулдахгүй байгаа ч цаг үеийн асуудал голлосон гэж буй юм. Тухайлбал, Лениний музейн өмчлөлтэй холбоотойгоор өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд болж байгаа хуралд МАН-ынхан төлөөлөгчөө оролцуулах уу, үгүй юу гэдгийг ярилцсан гэх яриа дуулдаж байна. Одоо завсарлаад байгаа эл хуралд МАН-ын талаас хариуцсан төлөөлөгч ирээгүй нь хүнээ явуулахгүй байхаар шийдсэн бололтой. Тус намынхан энэхүү шүүх хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дуустал хойшлуулах хүсэлт гаргаж байсан ч хүлээж аваагүй юм.
Түүнчлэн МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа ямар байдалтай явж байгаа, өөрийн намаас нэр дэвшигч хийгээд өрсөлдөгч намынхны рейтинг ямар харьцаатай явж байгааг мөн ярилцжээ. Харин сүүлийн өдрүүдэд олны анхаарлын төвд байх болсон УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай холбоотой асуудлыг хэлэлцсэн эсэх нь тодорхойгүй байна.
Г.ДАРЬ