Facebook-ийн “Цагаан тагтаа” группт нэгдээрэй

Хуучирсан мэдээ: 2013.06.12-нд нийтлэгдсэн

Facebook-ийн “Цагаан тагтаа” группт нэгдээрэй

Facebook хуудас хөтлөгч залуусын “Цагаан тагтаа” групп долоо хоног бүрийн бямба гаригт нийгмийг сайн сайханд уриалсан өдөрлөг зохиож байна. Энэхүү хөтөлбөрийн эхлэл нь энэ сарын 1-нд буюу хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр гэр бүл дэхь хүүхдийн хүчирхийллийн эсрэг "Инээмсэглэлийг хайрлая" сэдвийн хүрээнд өрнөсөн юм. Залуусын санаачилгыг “М Си Эс Кока Кола” ХХК дэмжиж, ивээн тэтгэжээ. Энэ өдөрлөгөөрөө дамжуулан тэд “Хүүхэд бүр гэр бүлдээ амар тайван амьдарч, гэгээн сайхан инээмсэглэлээр дүүрэн байх учиртай” гэж хэлэхийг зорьсон байна.
 

“Цагаан тагтаа” группийн 200 орчим залуу сайн дурын үндсэн дээр, цалин хөлсгүйгээр “М Си Эс Кока Кола” ХХК-ийн Happiness center-ээс гараагаа эхлэн, Эрх чөлөөний талбай, Сүхбаатар талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэсэн маршрутаар аялж, 1000 гаруй хүүхэд бүрт “инээмсэглэсэн” зурагтай агаарын бөмбөлөг бэлэглэсэн юм. Мөн Хавдар судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа 30 хүүхдэд баярын бэлэг өгчээ.

Энэхүү сайн үйлсийн аян энэ оныг дуустал бямба гариг бүрт үргэлжлэх энэ арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт "Тамхигүй Монгол" сэдвээр өрнөсөн. Энэ арга хэмжээг “Содонсолушн” ХХК ивээн тэтгэсэн байна. “Цагаан тагтаа” группийн 100-гаад гишүүн сайн дураараа Их дэлгүүрийн урд талын усан оргилуураас эхлэн “Улаанбаатар” зочид буудал хүртэл төв гудамжаар алхаж тамхины хор хөнөөлийн талаар залуустай ярилцаж, хорт зуршлаас хол байхыг уриаллаа. Ингэхдээ тэд “Нэг өдөр тамхи татахгүй, оронд нь иштэй чихэр идье” хэмээн уриалж 3000 тамхийг 3000 чихрээр сольж, устгасан байгаа.

Дараагийн өдөрлөг ирэх бямба гаригт цусны донор болохыг уриалсан “Нэг дусал=Нэг амь” сэдвээр өрнөх юм.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж