Нидерландад АНУ-ын 22 атомын бөмбөг үлдсэн гэв

Хуучирсан мэдээ: 2013.06.12-нд нийтлэгдсэн

Нидерландад АНУ-ын 22 атомын бөмбөг үлдсэн гэв

Нидерландад Америкийн 22 атомын бөмбөг байрлаж байгаа тухай тус улсын экс-ерөнхий сайд Рууд Любберс мэдэгдэв. Энэ зэвсэг нь хүйтэн дайны үеэс тэнд үлджээ.

Нидерландын нутаг дэвсгэрт Америкийн 50 килотоннын хүчин чадалтай Б-61 маркийн 22 цөмийн бөмбөг хадгалагдан үлдсэн гэж экс-ерөнхий сайд нь мэдэгджээ. Хойд Брабант мужийн АНУ-ын нисэх хүчний баазын  газар доорхи агуулахад уг бөмбөгнүүд байгаа гэнэ. Нидерландад цөмийн зэвсэг үлдсэн тухай гарч байсан яриаг батлан хэлсэн анхны өндөр тушаалтан нь ерөнхий сайд асан болжээ.

Эдгээр “солиотой зүйлүүд” өнөөг хүртэл тэнд үлдсэнд нь гайхаж буйгаа Любберс хэлсэн байв. Зөвлөлтийн зүгээс гарах аюулыг сөргүүлэн 1960-аад оноос Баруун Европын цэргийн баазуудад Америкийн цөмийн зэвсэг хадгалагдаж байсан юм. Голландын экс-ерөнхий сайдын хэлснээр өнөөдөр стратегийн цөмийн зэвсгийг хадгалах нь “огт учир утгагүй” зүйл болжээ.

Нидерландад цөмийн зэвсэг хадгалагдан үлдсэн байж талаар Wikileaks сайтад 2010 онд нийтлэгдсэн байв. Голландын Гадаад хэргийн сайд  Франс Тиммерман “Засгийн газар энэ талаар ямар нэгэн тайлбар хийхгүй” гэж AFP агентлагт хэлсэн байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж