
Үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэх уг эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоохын тулд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан журмын дагуу хэргийг шийдвэрлэдэг бөгөөд энэ журмыг шинэчлэн байна. Тодруулбал, “Гүйлгээнээс илэрсэн хуурамч мөнгөн тэмдэгтийг хүргүүлэх, бүртгэх, хадгалах, устгах журам”-ын төслийг албаныхан боловсруулж, зургадугаар сарын сүүлчээр батлуулж, мөрдөх ажээ. Энэхүү шинэчлэн боловсруулсан журам нь урьдны журмаас төдийлөн ялгаагүй ч хуурамч мөнгөн тэмдэгтийг таниж, шалгах ажиллагаанд Төв банк цагдаагийн байгууллагатай нягт хамтран ажиллахыг тусгасан байна. Тухайлбал, урьд нь хуурамч мөнгөн тэмдэгт байж болзошгүй гэж таамагласан бол банкиудаар дамжуулж шалгуулдаг байсан ажээ. Одоо бол банкинд хуурамч мөнгөн тэмдэгтийг илрүүллээ гэвэл Төв банкинд хандах юм байна. Харин үйлчилгээний газар, хувь хүн хуурамч мөнгөн тэмдэгт байж болзошгүй хэмээн таамаглаж байвал хамгийн ойр байрлах цагдаагийн хэлтэст шууд хандах хэрэгтэй ажээ. Хуурамч мөнгөн тэмдэгтийг шинжилж, илрүүлэх үйл явцыг тайлбарлавал, шалгуулахыг хүссэн хуурамч мөнгөн тэмдэгтийг цагдаагийн байгууллага хүлээн аваад, Төв банкнаас тэмдэгтийн тухай лавлагаа авах гэнэ. Төв банк Криминалистикийн шинжилгээний төвд шалган эргэж цагдаагийн байгууллагад лавлагааг гаргаж өгвөл тус зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаж, эзэн холбогдогчийг хайж, хариуцлага хүлээлгэх юм. Ингээд гэмт хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсний дараа хуурамч мөнгөн тэмдэгтийг Төв банкинд өгч, хууль ёсоор тэндээ зориулалтын машинаар устгалд оруулдаг байна. Ямартай ч мөнгөн тэмдэгтийн асуудлыг Төв банк хууль хяналтын байгууллагатай нягт хамтарч ажилласнаар энэ төрлийн гэмт хэрэгтэй сайтар тэмцэж чадах ажээ.
1990-ээд оноос үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэх тохиолдол гарсаар ирсэн ба тухайн үедээ илрүүлээд, устгалд оруулж, нийтэд мэдээлэлгүй өнгөрч байсан ажээ. Харин сүүлийн жилүүдэд ийм төрлийн гэмт хэрэг ихсэх болсон бөгөөд тухай бүрт нь Төв банк, цагдаагийн байгууллага илрүүлж, шууд устгалд оруулж байгаа тухай Монголбанкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатар ярьсан юм.
Монголд үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэх нь гадны бусад оронтой харьцуулахад харьцангуй бага бөгөөд хүн ам ихтэй, хөгжингүй орнуудад бүлэг хүмүүс зохион байгуулалттайгаар орчин үеийн техник, хэрэгслийг ашиглан үйлддэг байна. Цаашдаа хуурамч мөнгөн тэмдэгтийн гэмт хэрэгтэй тэмцэх журам хэрэгжиж эхэлсний дараа Төв банк, Цагдаагийн ерөнхий газар хамтран үйлчилгээний газрын ажилтнууд болон хувь хүмүүст хуурамч мөнгийг хэрхэн таних тухай сургалтыг хийх ажээ.
Хуурамч мөнгийг хэрхэн таних вэ?
Ер нь том дэсвгэртийн мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэх нь дийлэнх байдаг бөгөөд хувь хүмүүс голдуу гэртээ сканнер ашиглаж хийдэг гэнэ. Хуурамч мөнгийг харж, барьж үзэхэд мэдэгддэг бөгөөд цаас, нууцлалыг дуурайж чаддаггүй тухай мэргэжилтнүүд хэлж байна. Хувь хүмүүс, үйлчилгээний ажилтнууд жинхэнэ мөнгөн тэмдэгтийг хуурамчаас хэрхэн таних зөвлөмжийг сонирхуулъя.
5000, 10000 төгрөгийн жинхэнэ мөнгөн дэвсгэрт нь дараах гол нууцлалын таних тэмдэгтэй. Үүнд:
1. Мөнгөн дэвсгэртийн цаас хатуу, нугалахад шажигнаж дуугарна.
2. Дэвсгэртийг хоёр талаас нь хурууны үзүүрээр хавчин гүйлгэж татахад нүүрэн талд байдаг "Монгол Улс" гэсэн эвхмэл бичиг болон "5000", "10000" төгрөгийн нэрлэсэн үнийн тоо үл мэдэг товгор нь хурууны өндөгт мэдрэгдэнэ.
3. Дэвсгэртийн нүүрэн талын баруун хэсгийг гэрлийн эсрэг барьж харахад Чингис хааны дүр бүхий усан хээ тодорно. /зөвхөн 1995 оны 5000 төгрөг, 10000-тад хамаарна/
4. Дэвсгэртийн хоёр талд байрлах Чингис хааны гэрэгэгийн дээд хэсгийн дугуй дүрсүүд зөрүүгүй давхацна
5. Дэвсгэртийг гэрлийн эсрэг барихад нууцлалын нарийхан утас харагдана. /зөвхөн 1995 оны 5.000-т, 10.000-тад хамаарна/
6. Дэвсгэртийн ар талд тасалдаж харагдах нууцлалын металл утас, түүн дээр /MONGOLBANK/ гэсэн бичилт харагдана. /Зөвхөн 2002 оны 10.000-т болон 2003 оны 5.000-тад хамаарна/
7. Дэвсгэртийн нүүрэн талд мөнгөлөг, металл суурь дээр байрлагдсан соёмбо үсэг болон 10.000 гэсэн нэрлэсэн үнэ солигдож харагдана. /Зөвхөн 2002 оны 10000-тад хамаарна/
20.000 төгрөгийг тусгай гэрлээр харахад Чингис хааны хөрөг гэрэлтэн тодорч харагддаг байна. Ийм байвал жинхэнэ мөнгө гэсэн үг ажээ. Мөн
· Холограмм дардас дотор Соёмбо, 20.000-тын тоо солонгорч үзэгдэнэ
· Дэвсгэр зургийн зүүн доод талын босоо хэвтээ ирмэгийн дагуу "MONGOLBANK" гэсэн үгийг маш жижгээр бичсэн байдаг
· Гэрлийн эсрэг барьж харахад Чингис Хааны хөрөг болон "МБ" үсгүүд усан хээгээр тодорч харагдана
· Налуугаас харахад дөрвөн морьтон баатрын дүрс, дэвсгэр өнгө нь дөрвөн хэсэгт тодорч үзэгдэнэ
· Гурван мм-ийн өргөнтэй тасалдаж харагдах металл утсан дээр "MONGOLBANK" гэсэн үг болон Соёмбо солигдож харагдана
· 10.000 төгрөгний Чингис хааны хөргийг усан хээгээр бүтээсэн байдаг
· Зуйван дугуй дотор гэрлийн ойлтод морь унаж сэлэм барьсан баатрын дүрс болон дэвсгэртийн үнэ солигдож үзэгдэнэ
· Ар өврийн бүх талбайн хээ угалзад офсет скайнер, фото хувилагчийн эсрэг хийц хийсэн
· Үндсэн хээ, тоо үсгүүдийг гарт тэмтрэгдэхээр товгор хэвлэсэн ажээ.
Ийнхүү хуурамч мөнгөн тэмдэгт байж болзошгүй гэж таамаглавал цагдаагийн хэлтэст шууд хандан шалгуулах хэрэгтэй. Хэрэв хуурамч мөнгийг гүйлгээнд ашигласан тохиолдолд гэмт хэрэгтэн гэж үзэх бөгөөд хуурамчаар үйлдсэн этгээдийг хуулийн дагуу хорих хүртэл арга хэмжээ авдаг гэдгийг дахин сануулъя.