Шинэ үүлдрийн “суффолк” хонь гаргалаа

Хуучирсан мэдээ: 2013.06.12-нд нийтлэгдсэн

Шинэ үүлдрийн “суффолк” хонь гаргалаа

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Арвин хур” компанийнхан махны чиглэлийн “суффолк” шинэ үүлдрийн хонийг гаргаж аваад байна.

Энэхүү хонины нэгдүгээр үеийн эрлийзийг гарган авахын тулд тус компанийхан долоон жилийн хөдөлмөрөө зориулсан байна. Шинэ хоньтой болохын тулд цэвэр үүлдрийн үрийг Австрали, Шинэ Зеланд, Канад улсаас хөврөл нэг бүрийг нь 500 доллараар оруулж иржээ.

Ирсэн хөврөл бүр үр тогтоож чаддаггүй учир хөврөл шилжүүлж суулгах үйл ажиллагаа маш нарийн байдаг гэнэ. Өнөөдөр дэлхийн 120-иод оронд “суффолк” хонийг махны чиглэлээр ашиглаж байгаа ажээ. Уг хонь нь нутагших чадвар сайтай, “орхон” хоньтой ижил нарийн ноостой, махны гарц өндөртэй гэж мал аж ахуйн мэргэжилтнүүд танилцуулсан. Анх төрөхдөө 3.5-4.0 кг жинтэй байдаг бөгөөд найман сартайдаа 50 кг татдаг байна.

Өөрөөр хэлбэл, энэ хонь монгол хонины гурван жилийн ашгийг нэг жилд олох боломжтой гэсэн үг. Зүүнбүрэн суманд одоо өндөр ашиг шимт цэвэр үүлдрийн “суффолк” хонины донор буюу үржлийн цөм сүрэг бий болоод байна. Одоо 50 хуц, 140 эм хоньтой болжээ.

Энэ хонийг үржүүлснээр махны нөөц нэмэгдэж, үнийн хөөрөгдлийг бууруулах, бэлчээрийн даац хэтрэлтээс хамгаалах эдийн засгийн үр ашигтай хэмээн мэргэжлийн хүмүүс хэлж байна. Цаашид тус аймагт энэ шинэ хонио түлхүү хөгжүүлэх зорилготой байна.

Д.ОДОНТУНГАЛАГ
Эх сурвалж: news.gogo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж