Өмнө нь Гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатарт өгсөн найман жилийн ял авлигачдад оноосон хамгийн том шийтгэл байлаа. Гэхдээ тэр үед авлигын нэхээсний ердөө хоёр гуравхныг хөвөх төдийхнөөр л өнгөрч байлаа. Бэлгэдлийн чанартай гэхэд болно.
Тэгвэл МИАТ-ийн экс дарга нар болон тэдэнтэй хамтарч мөнгө угаасан хэргийн шүүх хурлаар Монгол Улс авлигатай тэмцэж чаддаг гэдгээ зарлалаа.
Өөрсдийн ёроолгүй авдраа дүүргэхийн тулд “Дайны эрсдлийн даатгалын төлбөр” нэртэй данс хүртэл санаачилж, иргэдийн мөнгийг ичгүүр сонжуургүйгээр дээрэмдсэн нөхдүүд харин одоо гэмгүй хүний баг зүүчихсэн зогсч байна. Ч.Хоролсүрэн л гэхэд тэрхүү санд шилжсэн мөнгөнөөс хувь авдаг, түүндээ бусдыгаа оролцуулсандаа харамсч байгаагаа хэллээ. Тэрээр “Улсад ямар нэгэн хохирол учруулсан бол төлнө” гэж шүүхийн танхимд зарлав. Авсан бол өгөх нь хүний ёс хойно хохирлыг хүссэн хүсээгүй барагдуулах нь хууль ёсны хэрэг биз. Тиймээс ч түүний хөрөнгийг шүүх хурааж төрийн /татвар төлөгчдийн мөнгө/ хохирлыг барагдуулах шийдвэр гаргаж байна. Хулгайч “Хулгайчийг бариарай” гэж хашгирав гэгчээр “Мөнгө шилжүүлж байсан удаа байгаа бол Б.Бат-Эрдэнийн даалгавраар шилжүүлж байсан байх” гэдгээ Ч.Хоролсүрэн хэлээд буй. Тэгвэл МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэг 14 жилийн ял эдлэх дээрээ тулахаар “Би мөнгө шамшигдуулаагүй. “Best Wealth Al Group” удирдлагуудтай нэг ч удаа уулзаж байгаагүй. 2008 онд нэг удаа гэрээ явуулж байсан. Тухайн үед би гэрээг өмнө нь байгуулсан байсан учраас шалгаж үзэлгүй сунгаж үргэлжлүүлсэн. Ч.Хоролсүрэнгээс авсан, өгсөн мөнгө байхгүй” гэж ярьжээ. Хөсрийн олс хэвтэж байхаар нь бариад алхчихсан чинь үзүүрт нь үхэр байсан юм билээ гэдэг шиг.
Араас нь 12 жил нэг сарын ял авсан МИАТ-ийн захирал асан Б.Бат-Эрдэнэ харин “Дайны эрсдлийн даатгал”-ыг НҮБ-ын конвенцид эрсдэлийн сан байгуулах ёстой гэж заасан учраас гарын үсэг зурсан юм гэнэ ээ. Мэдээж НҮБ энэ санг байгуулахыг зөвлөсөн ч “Б.Бат-Эрдэнэ ээ, түүнээс шамшигдуулаарай” гэж арай л зөвлөөгүй байх. МИАТ-ийн захирал асан Ц.Орхон 11 жилийн ял авсныхаа дараа харин юу гэж хэлсэн бэ гэвэл, “Best Wealth Al Group”-ийн удирдлагуудтай нэг ч удаа уулзаж байгаагүй гэж улайлаа. Энэ мэтчилэн 10-14 жилийн ял авсан хүмүүс бүгдээрээ л тэр данснаас авахгүйгээр авсан юм байна.
Хэм хэмжээ гэдэг олон нийтийн орогнодог хашаа гэж тооцвол энэ хэм хэмжээг зөрчсөн хүмүүс өөр хашаанд хөлөө хориулах цаг ирж байна.
Араас нь татварынхны хэрэг явах нь дамжиггүй. Иргэдийн хуруу хумсаа хугалах шахам хөдөлмөрлөж бүрдүүлдэг төсвийн хөрөнгийг завшсан энэ мэт хэргийг шүүсний дараа “Хэлмэгдүүлэлт эхэллээ” гэж хашхирч байгаа хүмүүс бий. Энэ үг жирийн иргэнд, төрөөс мөнгө идээд байсан өмнөх хүмүүсийг өршөөчихөөд дараагийн хүмүүсийг нь яллаж байгаа нь шударга бус явдал гэсэнтэй адил сонсогдож байгаа. Харин төсвийн мөнгийг өөрийн юм шиг зарцуулдаг авлигачдад бол үнэхээр “хэлмэгдүүлэлт” шиг санагдах биз.
Ямартай ч монголчууд баавгайд хавх тавьж эхэллээ. Үр дүнд нь төрийн албыг ирээдүйн амьдралын баталгаа гэж хардаггүй сэтгэлгээ сэргэх болов уу. Таван зуун мянган төгрөгийн цалингаас өөр орлогогүй хэрнээ Ланд крузер унаж, арван сая давсан 9911-тэй дугаар барьдаг бэрдүүд бишгүй бий. Иргэдэд үйлчлэх ёстой атлаа мөнгийг нь тоншдог тэр нөхдүүдэд “Дараагийнх нь та ч байж болно шүү” гэх сургамжийг энэ шүүх хурал өгсөн болов уу. Иргэдийн мөнгийг шударга бусаар авч, соёолон цэцэглэсэн авлигачид хагдрах нь зайлшгүй бөлгөө.
Төр авлигачдыг яллаад төр хохирлоо барагдуулсан юм биш, харин ард иргэд бидний хохирлыг барагдуулж байгаа юм. Учир нь, авлигач та бидний халаасанд орох, та бидний сайн сайхан амьдралыг бий болгоход зарцуулах, та бидний хүүхдийг эрүүл саруул бойжих, сурч боловсрох боломжийг хангах байсан мөнгийг хувьдаа завшсан юм. Хохирогч нь төр биш, та бид юм.
Монгол Улс түүхэндээ анх удаа иргэдийг өлмөн зөлмөн амьдруулж, баяжсан этгээдүүдэд хүний амь бүрэлгэсэнтэй дүйцэх ял өглөө. Тэдэнд хаана байх ёстойг нь зааж, хөл хорио тогтоолоо. Олон олон “баавгай” байх ёстой газартаа балгаа эдлэх хэрэг гарах вий. Энүүнтэй чинь л тэмцэх гээд иргэдийн мөнгийг луйвардуулахгүй байя гээд байсан биз дээ. Шударга бус юм хийдэг хүмүүс ээ.