Адууны махны үнэ хамгийн их өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

Адууны махны үнэ хамгийн их өсчээ

Цагаан сарын дараахнаас махны үнэ тэнгэрт хадсан. Үүнийг наймаачид “Цагаан сарын шинийн 15-ны өдрүүдэд хөдөөнийхөн мал муулахыг цээрлэдэг. Тиймээс шинийн 15 өнгөрмөгц махны үнэ буурна” хэмээн тайлбарлаж байсан ч махны үнэ төдийлөн буурахгүй байна. Гуравдугаар сарын 3-ны байдлаар хонины махны үнэ хоёрдугаар сарын дундаж үнээс 10.8-13.9 хувь, үхрийн махны үнэ 6.5-9.4 хувь, ямааны махны үнэ 7.8 хувь, адууны махны үнэ 22.3 хувиар өсчээ. Өмнөх долоо  хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 0.7-1.0 хувь, үхрийн ястай махны үнэ 2.1 хувиар буурсан бол үхрийн цул махны үнэ 0.3 хувь, адууны махны үнэ 3.2 хувиар өсч, ямааны махны үнэ харьцангуй тогтвортой байна гэж Үндэсний статистикийн хорооноос гаргасэн мэдээнд  дурджээ. Гуравдугаар сарын 3-ны өдрийн байдлаар  нэг кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 3533 төгрөг, үхрийн мах/ястай/ – 4117 төгрөг, ямааны мах – 2267 төгрөг, адууны мах – 3117 төгрөг, хонины цул мах – 3725 төгрөг, үхрийн цул мах – 4525 төгрөгийн үнэтэй байсан байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж