Дархан цаазат ууланд орон сууц барихыг хориглов

Хуучирсан мэдээ: 2013.06.11-нд нийтлэгдсэн

Дархан цаазат ууланд орон сууц барихыг хориглов

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын
нутагт дархан цаазат Булган уул оршдог. Булган уулыг тэртээ 1965 онд
АИХ-ын Тэргүүлэгчдийн 17 дугаар зарлигаар дархан цаазат газар, 1995 онд
Улсын Их хурлын 26 дугаар тогтоолоор байгалийн дурсгалт газрын ангилалд
хамруулан 2000 га газрыг улсын тусгай хамгаалалтад авсан байдаг аж.
Гэтэл өнгөрсөн онд Архангай аймгийн Засаг паргын тамгын газрын Газрын
харилцаа, барилга хот байгуулалтын албанаас Булган уулын хамгаалалтын
бүсэд багш нарын орон сууц барихаар хоёр  га газар эзэмшүүлэх, барилга
барих компанийг сонгон шалгаруулах зарыг сонинд хэвлүүлсэн байжээ. 

Энэхүү
хоёр га газар нь Булган уулын дурсгалт газрын хамгаалалтын бүс, хилийн
цэсээс 100 метрийн зайтай байгаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн
тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасан “Дурсгалт газар
дахь байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлээс 0,1-3 км-ийн орчимд
сүр бараа, үзэмжийг нь дарах барилга байгууламж барих, газар хагалах,
ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, байгалийн болон түүх,
соёлын дурсгалт зүйлийг хөндөх, эвдэх, буулгах, тэдгээрт хохирол
учруулахуйц бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэсэн заалтыг
зөрчиж байна.  Мөн “ Ундрага” ХХК-ний  хоёрдугаар өргөгч станц  Жамганы
булаг, усны эх үүсвэрийн гүний нэг ба хоёрдугаар худгаас 140 орчим метрт
байгаа нь  Усны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг “Усан
сан бүхий эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс
тогтооно” гэсэн заалтыг  зөрчсөн байна.

Иймд Архангай аймгийн
2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс Эрдэнэбулган сумын 3
дугаар багийн нутагт орших багш нарын 72 айлын орон сууцны зориулалтаар
төлөвлөсөн газрыг хасч шийдвэрлэх, цаашид тусгай хамгаалалтын бүсэд 
орон сууцны зориулалтаар газар олгохгүй байх тухай албан шаардлагыг тус
аймгийн Засаг даргад БОНХЯ-наас хүргүүлжээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж