“Татум” гудамжны арт фестиваль Монголд

Хуучирсан мэдээ: 2013.06.11-нд нийтлэгдсэн

“Татум” гудамжны арт фестиваль Монголд

Их хотын залууст шинэ содон бүхнийг мэдрүүлэх гудамжны арт фестиваль Монголд анх удаа болох гэж байна. Нийслэлийн Соёл, урлагийн газар, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Монгол-Францын соёлын төв, Гёте институтээс хамтран “Татум” нэртэй гудамжны арт фестивалийг зургадугаар сарын 10-14-нд зохион байгуулж буй юм. “Татум” фестивалийн хүрээнд залууст гудамжны урлагийг мэдрүүлэхээр Германы DJ Kid Gringo буюу Маттиас Мюллер, DJ Superhorace буюу Андреас Уилрих, Францын DJ Breakfast буюу Марио Абуртин, Ноэ 2 нар Монголд иржээ. Мөн тэднийг дагалдаж “Парис хип хоп” хамтлаг сайн дураараа ирсэн байна. Тэд өчигдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, фестивалийн талаар танилцуулав.

Гудамжны урлагийг мэдрүүлэх энэхүү наадмын хүрээнд Франц, Германы DJ нар Монголын “Монгол Микс Прожект”-ийнхэнтэй хамт долоо хоногийн сургалт явуулж буй юм. Түүнчлэн Герман, Франц, Монголын граффитчид нийлээд Сансарын тунелийн зүүн хананд зураг зурах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Гэхдээ одоогоор эцсийн байдлаар зөвшөөрлөө аваагүй байгаа гэдгийг Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл буюу реппер Quiza дуулгав. Үүнээс гадна боломж байгаад, цаг зав гарвал 40 мянгат дахь бүх боломжийн талбайд граффит зурах гэнэ. Мэдээж гудамж талбай гоё, гялгар харагдахаас илүү хотын залуучууд хотоо хайрлаж, тэдгээр бүтээлийн утга учир, илэрхийлэмжийг ойлгуулахыг оролдож буй гэдгийг ч тэр онцолсон юм.

Фестивалийн гол арга хэмжээ зургадугаар сарын 15-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Өглөөний 10.00 цагаас эхлэн үдшийн 20.00 цаг хүртэл өдрийн турш Герман, Франц, Монголын DJ нарын хөгжмийн хөнгөн хэмнэлд зугаацаж, гудамжны урлагийг жинхэнэ утгаар нь тэнд мэдрэх боломжтой юм.

Монголчуудыг ганцхан үгээр “нүүдэлчин” хэмээн тодорхойлсон Германы DJ бүсгүй “Монголд ирсэндээ тун таатай байна. Өчигдөр хөдөөгөөр явж, байгалийн сайхантай танилцлаа. Сэтгэгдэл үнэхээр өндөр байна. Ирэхийнхээ өмнө Монголын түүх, соёл, Чингис хааны тухай судалсан. Ирсэн хойноо орчин үетэй хөл нийлүүлэн алхаж буй монгол залуустай уулзлаа. Гайхалтай…” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан. Түүнчлэн долоо хоногийн турш тэдэнтэй саатаж, хамтдаа гудамжны урлагийг мэдрэхийг уриалсан шүү.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж