Мотоцикль унаж яваад осолдох нь ихэслээ

Хуучирсан мэдээ: 2013.06.11-нд нийтлэгдсэн

Мотоцикль унаж яваад осолдох нь ихэслээ

Он гарсаар Улсын хэмжээнд малчдын гол тээврийн хэрэгсэл болоод байгаа  хятад мотоцикль унаж яваад 35 залуу осолдож амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна. Увс аймагт ч гэсэн мотоцикльтэй холбоотой ослууд эрс нэмэгдэж байгаа учраас Аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас тусгай арга хэмжээ зохион байгуулж байгаа ажээ. Яг өнөөдрийн /06.11/ байдлаар ЗЦТ-ийн журмын хашаанд 28 мотоцикль саатуулагдаад байна. Ихэвчлэн хамгаалалтын малгай өмсөөгүй, замын хөдөлгөөны дүрэм зөрчсөн, согтуугаар жолоодсон зөрчлүүдийн улмаас ийнхүү саатуулагдаж байгаа юм. Тус аймагт ч гэсэн тээврийн хэрэгслийн ослын улмаас ялангуяа мотоцикль жолоодож яваад осол гаргах, гаргадаггүй юм аа гэхэд осол гаргах шалтгааныг бүрдүүлэх, хурдтай давхих зэрэг тохиолдлууд эрс ихэсжээ. Хятад мотоциклийн хувьд хурд ихтэй, жин хөнгөнтэй болохоор осол гарах үед хол шидэгдэх, рам нь салах зэргээр унаж яваа хүнээ хүн гэмтээдэг гэнэ. Бас жолоодож яваа хүмүүсийн ихэнх нь хөдөө сумдаас орж ирсэн,  замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүйгээсээ болж Улаангомд осол гаргах нь их байдгийг Замын цагдаа нар хэлж байна. Замын цагдаагийн тасгаас “Мотоцикль” нэгдсэн арга хэмжээг авч каск малгай өмсүүлэх, техникийн бүрэн байдлыг хангах тал дээр хяналтаа чангатган ажилласаны хүчинд эхнээсээ үр дүнгээ үзүүлж эхэлжээ. Ерөнхийдөө  мотоциклийн жолооч нар хамгаалалтын малгай өмсөж хэвшсэн харин цаашдаа сууж яваа зорчигчдийг өмсөхийг шаардах юм байна. Мөн удахгүй болох элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр сумдуудаас их хэмжээний тээврийн хэрэгсэл орж ирж хотын хөдөлгөөн ачаалалттай болно гэдгийг нийт жолооч нартаа анхаарууллаа.

Эх сурвалж: www.uvsu.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж