Геологи, эрдэс баялгийн семинар болов

Хуучирсан мэдээ: 2013.06.11-нд нийтлэгдсэн

Геологи, эрдэс баялгийн семинар болов

Монгол, Финланд улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Уул уурхайн яам, Геологийн төв лаборатори /ГТЛ/-оос Финланд улсын Геологийн албатай хамтран явуулсан “Геологи, эрдэс баялагийн  салбар дахь Монгол-Финляндын хамтын ажиллагаа” сэдэвт семинар боллоо.

Геологи, эрдэс баялгийн салбар дахь монгол-финляндын хамтын ажиллагааг өргөжүүлэх, газрын ховор элементийн хүдрийн судалгаа, шинжилгээний ажлын шинэлэг мэдээллийг олон нийтэд хүргэх, 2012-2014 оны хооронд хэрэгжиж байгаа “Монголд газрын ховор элементийн хүдрийн судалгаа шинжилгээний ажлыг сайжруулах” төслийн явцыг сурталчлах зорилгоор зохион байгуулсан энэхүү семинарын нээлтийн ажиллагаанд УИХ-ын даргын урилгаар манай оронд айлчлал хийж байгаа Финлянд улсын Парламентийн дарга Эеро Хейнэлома оролцож баяр хүргэн үг хэлж тус лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.

Нээлтийн ажиллагаанд Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэчулуун, УУЯ-ны Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт, АМГ-ын Геологийн албаны дарга Д.Болд, Монголын үндэсний уул уурхайн ассоциацийн дарга Б.Дамба, Финланд улсаас манай улсад суугаа Элчин сайд Ларс Бакстром, тус улсын Геологийн албаны захирал Элиас Икдаал нар мөн оролцлоо.

ГТЛ-ийн захирал Б.Батжаргал семинарыг нээж үг хэлэхдээ, энэ семинарт хоёр улсын геологи, судалгааны ажлын өнөөгийн байдал, баримталж байгаа бодлого болон хэтийн төлөвийн талаарх чухал сэдвүүд тэр дундаа газрын ховор элементийн талаар голчлон яригдах болно. Манай лабораторид Финлянд улсын ГХЯ-ны санхүүжилтээр нийтдээ нэг сая еврогийн өртөг бүхий төсөл 2009-2011, 2012-2014 онуудад тус тус амжилттай хэрэгжиж ашигт малтмалын технологи туршилтын лабораторийг шинэчлэн тоноглогдож хүдэр баяжуулалтын дэлхийн шилдэг технологи нэвтэрч манай инженер техникийн олон ажилтан давтан сургалтанд хамрагдлаа. Төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа финландын мэргэжилтнүүдэд талархлаа илэрхийлж байна. ” гэж онцлон дурдлаа.

Семинарын ажиллагаанд ШУТИС-ын Уул уурхайн болон Геологи, газрын тосны инженерийн сургуулийн эрдэмтэн багш нар, геологчид, Финланд улсын Геологийн албаны ажилтнууд, “Outotec”, “Normet”, “PANalytical V.B” зэрэг компанийн төлөөлөгчид, ГТЛ-д төсөл хэрэгжүүлж байгаа финландын мэргэжилтнүүд оролцлоо.

Семинар дээр УУЯ-ны Геологийн бодлогын хэлтсийн дарга, доктор Б.Баатарцогт “Монгол улсын геологи, уул уурхайн салбарын бодлого, стратегийн зорилт”, Финланд улсын Геологийн албаны захирал Элиас Икдаал “Финлянд улс-Ногоон уул уурхайн 2020-ын тэргүүлэгч орон болох зорилго тавьсан нь” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв. Илиас Икдаал илтгэлдээ “Манай улс байгальд ээлтэй, хариуцлагатай уурхайг ногоон технологиор хөгжүүлэх ялангуяа нөхөн сэргээлтийг дээд хэмжээнд хийж ногоон уул уурхайгаар европийн үлгэр жишээ орон болохыг зорьж байна. Геологи хайгуул, олборлолт гээд эрдэс баялгийн салбарын үйл ажиллагааны бүх үе шатанд ногоон, цэвэр байх зарчмыг удирдлага болгож байна. Манай хоёр орны геологийн салбар дахь хамтын ажиллагааны бодит жишээ болсон хэд хэдэн төслийг ГТЛ-ийн хамт олонтой хамтран хэрэгжүүлж түүний үр дүнд тус лабораториос хийж байгаа шинжилгээний чанар улам дээшилж үйлчилгээний чадавх дээшилж байгаад бид баяртай байна.” гэж хэллээ.

АМГ-ын Региональ судалгааны тасгийн дарга Д.Оюунцэцэг “Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн судалгааны ажлын өнөөгийн байдал”, ЭЗХЯ-ны Инноваци, өндөр технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Авид “Инноваци ба ногоон технологи”, МҮХАТ-ын Экспортыг дэмжих, хөгжүүлэх хэлтсийн дарга Ч.Цэцэгмаа “Финлянд улсын зах зээл дэх экспортын таатай боломж”, Финлянд улсын Геологийн албаны Ашигт малтмалын баяжуулалтын багийн ахлагч Жукка Лакканэн “Чингис процесс төслийн танилцуулга”, тус албаны Олон улсын харилцааны газрын дарга Пенти Норас “Олон улсын уул уурхайн үйлдвэрлэл дэх төрийн оролцооны хөгжил”, тус албаны Ашигт малтмалын Баяжуулалтын лабораторийн судалгааны профессор Жасон Янг “Монгол, Финлянд орны газрын ховор элементүүдийн ордуудын хүдрийг баяжуулалт”, ШУТИС-ийн ГГТИС-ийн багш О.Гэрэл, Б.Мөнхцэнгэл нар “Монголын шүлтлэг магматизмтай холбоотой газрын ховор элементүүдийн хүдэржилт”, ШУТИС-ийн ГГТИС-ийн Ашигт малтмалын хайгуулын тэнхимийн эрхлэгч, доктор С.Жаргалан “Монгол орны ГХЭ-ийн металлогени, хэтийн төлөвийн асуудалд”, “Монгол газар” компанийн ахлах геологич Н.Дэлгэрмаа “”Мушгиа худагийн газрын ховор элементүүдийн ордын тогтоц”, судлаач Аксели Торппа “Төслийн дээжүүдийн геологи ба минералоги”, ГТЛ-ийн баяжуулагч инженер Б.Энхзул, Н.Оюун-Эрдэнэ нар “Газрын ховор элементүүдийн баяжигдах шинж чанарын судалгаа ГТЛ-д”, ШУТИС-ийн УУИС-ийн Ашигт малтмалын баяжуулалтын технологийн багийн профессор Д.Энхбат “Халзанбүргэдэйн газрын ховор элементүүдийн ордын хүдрийн найрлага, геохимийн онцлог”, Финланд улсын “Outotec” компанийн ажилтан Ханну Хакакари “Ашигт малтмалын тогтвортой баяжуулалтын талаарх “Outotec” компанийн шийдэл”, “Normet” компанийн Ерөнхий менежер Мика Вуорикари “Газар доорх уурхайн шийдэл”, PANalytical B.V” компанийн менежер Шиэнгжу Ге, Шили Хуе нар “Газрын ховор элементийн хүдрийн шинжилгээ” зэрэг сонирхолтой мэдээлэл хийлээ.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж