Метротой болох ажлын эхлэл тавигдлаа

Хуучирсан мэдээ: 2013.06.11-нд нийтлэгдсэн

Метротой болох ажлын эхлэл тавигдлаа

Амгалангаас Толгойт хүртэл Энхтайвны өргөн чөлөө дагуу 17,7 км замыг
туулах Улаанбаатар метроны шугамыг тэмдэгжүүлэх ёслол өнөөдөр боллоо.

Нээлтийн ажиллагаанд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн ажлын албаны дарга О.Очиржав НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид метро барих шугамын тэмдэглэл хийж, мэдээллийн санд оруулах, хамгаалалтад авах ажлын нээлтийг хийлээ.

Метро нь Толгойтоос Амгалан хүртэл нийт 17,7 км үргэлжлэх бөгөөд хотын төвөөр газар доогуур, хоёр захаар гүүрэн буюу өргөгдсөн байх аж. Ажлыг бодит болгож Драгон өртөө, Амгалангийн өртөөг тэмдэглэн үлдээсэн. Тэмдэглэл нь дөрвөн метр орчим өндөртэй, өртөөний нэрийг бичсэн, ган төмрөөр хийгдсэн байлаа.

Нээлтийн үеэр Нийлсэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, “Метро барих үйл ажиллагаа биелэлээ олоход олон бэршээлтэй зүйл байсан. УИХ-ийн хэдэн гишүүд эсэргүүцэж байсныг энд цохож хэлмээр байна. Гэсэн хэдий ч нийтийн тээврийн шинэ эрин үе эхэлж байна” гэлээ.

Мөн НИТХ-ийн төлөөлөгч Г.Ганхүү, “Манай нийслэл 10 жилийн өмнө сая гаран хүн амтай болж Метрополитан хот болоход би метротой болох ёстой гэж ярьж, хэлж байсан. Тухайн үед хүмүүс хошигнол, тоглоом болгон хүлээн авч байсан бол өнөөдөр хэлсэн зүйл минь биелэлээ оллоо. Үнэхээр баяртай байна” хэмээн хэлсэн.

Монгол улс метротой болсноор эдийн засаг, технологийн хөгжил, хот төлөвлөлт зэрэг олон салбарт эерэгээр нөлөөлнө гэдгийг албаныхан хэлж байна. Жишээ нь: Хүмүүсийн хамгийн их санааг зовоож, уурыг бардаг замын түгжрэл 20 хувь, агаарын бохирдол 30 хувиар буурна гэсэн дүгнэлт гарчээ. Түүнчлэн метро ашиглалтад орсноор 150,000 тогтвортой ажлын байрыг бий болгож, нийслэлийн төсвийн орлого 30 хувь нэмэгдэх аж. Энэхүү төслийн ажлыг Японы ЖАЙКА байгууллага нарийн төлөвлөгөө боловсруулж, судалгаа хийн ажиллаж байгаа. ЖАЙКА болон Нийслэлийн иргэний оролцооны хэлтэс хамтран 2000 иргэнээс Метро байгуулах талаар судалгаа авсан байна. Судалгааны үр дүнд  иргэдийн 95 хувь нь метротой болох хэрэгтэй гэсэн саналыг дэмжсэн байна. Энэ нь нээлтийн үеэр ч гэсэн харагдаж байлаа.

Иргэд “Би ажилдаа очих гэж дор хаяж хоёр, гурван цаг болдог. Өдрийн талыг түгжирч өнгөрөөдөг. Харин метротой болсноор хотын нэг захаас нөгөө зах хүртэл ердөө 30 минут болно гэдэг бол сайхан санагдаж байна”  гэж байлаа.

Одоогийн байдлаар Азийн ихэнх орон метротой. Япон улс л гэхэд нэг саяас дээш хүн амтай хот болгондоо метротой гэж байгаа. Тэр ч бүү хэл анх 150 жилийн өмнө Лондонд метро явж эхэлсэн байх жишээтэй. Харин Монгол улсын хувьд метротой болох ажил нэлээд хожуу эхэлж байна. Гэсэн хэдий ч монголчуудыг хөгжил дэвшил тойрч биш дайрч гарч байгаа нь сайшаалтай юм.

Дөрөвхөн жилийн дараа нийслэлчүүд метрондоо сууж түгжрэлгүй, түргэн зорчих боломжтой болох нь ээ.

Э.ЭНХЧИМЭГ




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж