Сүүлийн үед кино сонирхогчдыг байлдан дагуулж буй Америкийн кино найруулагч Зак Снайдерийн адал явдалт “Man of Steel" киног ашиг орлогоороо тэргүүлэн Box office-ийн шилдгээр тодрох зайлшгүй хэмээн олон шинжээчид таамаглаж байсан. Гэсэн хэдий ч өнгөрсөн долоо хоногийн байдлаар л гэхэд тус кино ашиг орлогоороо Box office-ийн шилдэг байтугай эхний таван кинонд ч багтаж чадсангүй. Учир нь “Man of Steel”-ийн оронд найруулагч Жеймс Демонакогийн адал явдалт аймшгийн “The Purge” уран сайхны кино 36.4 сая ам.доллар олсноор өнгөрсөн долоо хоногийн хамгийн их ашиг орлого олсон киногоор шалгарчээ.
Жейсон Блюмийн продьюссороор ажилласан уг кино гуравхан сая ам.долларын өртгөөр хийгдсэн ч нээлтээ хийснээс хойш хэдхэн хоногийн дараа ийнхүү олон сая ам.долларын орлого олж шуугиан тариад байна. “The Purge” энэ сарын долоонд АНУ-д албан ёслоор нээлтээ хийсэн юм.
Харин Box office-ийн жагсаалтын хоёрдугаарт, найруулагч Жастн Линий “Fast & Furious 6” бичигдсэн бол өнгөрөгч долоо хоногт кино сонирхогчдыг байлдан дагуулаад байсан “Now You See Me” кино гуравдугаарт, найруулагч Шаун Лигийн “The Internship” дөрөвдүгээрт, “Epic” тавдугаарт тус тус бичигдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Box office-ийг ашиг орлогоороо тэргүүлсэн эхний таван киног танилцуулъя:
- “The Purge”-36.4 сая ам.доллар
- “Fast & Furious 6” -19.8 сая ам.доллар
- “Now You See Me” -19.5 сая ам.доллар
- “The Internship” -18.1 сая ам.доллар
- “Epic”-12.1 сая ам.доллар тус тус олжээ.
Э.АНХТУЯА