Мал уранд хордоогүйг мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.06.11-нд нийтлэгдсэн

Мал уранд хордоогүйг мэдэгдлээ

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэн Д.Норсүрэнгийн 20 тугал уранд хордсон гэсэн сэжмээр анх гарсан мал уранд хордсон эсэх асуудлыг өнөө хэр эцэслэн шийдээгүйгээс олны дунд эргэлзээ, таамаг их байна. Тус газарт "Арева монгол-Кожеговь"  компани ураны хайгуул хийснээс болж мал олноороо үхэж, гаж буруу хөгжилтэй амьдрах чадваргүй төл төрж байна гэсэн таамаг малчдад байна. Бид энэ талаар Байгаль орчны яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбатаас баттай хариу хүслээ. Тэрбээр хэлэхдээ:

– Дорноговь аймгийн Улаанбадрах суманд мал хорогдсон шалтгаан нь цацрагийн хордлого биш болох нь тогтоогдсон. Гоц халдварт өвчин ч биш. Нарийвчилсан шинжилгээг гадаадад хийлгэхээр илгээсэн. Бидний шалгалтаар хөрсөн дэх зэс болон сурьма, селени зэрэг бодисын найрлага байх ёстой хэмжээнээс бага зэрэг их гарсан. Түүнээс цацраг идэвхт бодис  илрээгүй.

-Таны нэрлээд байгаа бодисууд малын үхэлд нөлөөтэй юү?

-Түүнийг нарийвчлан тогтооно.

-Анх уранд хордсон гэх мэдээллийг түгээсэн газар нь буруу ташаа мэдээлснээ хүлээгээгүй, холбогдох яамнаас ч залруулга мэдээлэл хийхгүй байгаа нь улам л эргэлзээ төрүүлэх биш үү. Мэдээллийг анх гаргасан газарт арга хэмжээ авсан уу?

-Мал уранд хордсон байж болзошгүй гэсэн мэдээллийг анх Мал эмнэлэг үржлийн албанаас гаргасан юм билээ. Залруулгагүйгээс хүмүүст буруу ташаа ойлголт төрүүлж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс миний бие Улаанбадрах суманд мал уранд хордоогүй гэдгийг албан ёсоор хэлэх байна гэлээ.

Д.ЦЭЭПИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж