Ингээд нийслэл хотыг хэрхэн хогноос салгах шинэ санал санаачилгын талаар нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайхантай ярилцлаа.

-Нийслэлийн Засаг даргын өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдрийн захирамжын дагуу хогийн шинэ менежментийг хэрэгжүүлж эхлээд байна. Өмнө нь нийслэлчүүд хогоо ил задгай хаядгаас хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигддөг байсан. Иймээс нийслэлийн хэмжээнд айл өрх, албан байгууллагуудад “Азийн цагаан дагина” гэсэн бичигтэй 60×80 сантиметрийн хэмжээтэй тунгалаг ногоон уутыг үнэгүй тарааж эхлэх гэж байна. Эхний ээлжинд буюу энэ сарын 15-наас эхлэн зуслангийн бүсийн 20 аманд оршин суугаа айлуудад хогийн уутыг тарааж, 40 эко эргүүл гаргаж ажиллуулахаар төлөвлөж байгаа. Хотын төвд ирэх долоодугаар, наймдугаар сараас тарааж эхлэх байх.
-Сард хэдэн уут өгч байх вэ. Уут нь цаасан уут байх уу?
-Айлуудад сар бүр 15 хогны уутыг үнэгүй тараана. Харин албан байгууллагууд худалдаж авах юм. Одоогоор хэдэн төгрөгөөр худалдаалах нь тодорхойгүй байна. “Азийн цагаан дагина” хогийн уут нь гялгар уут байна.
-Байгальд хортой биш гэж үү?
-Үгүй. Ууттай хогийг хогийн цэг дээр аваачаад л булчихна. Дэлхий нийтэд ийм аргаар хогийг устгаж байгаа шүү дээ.
-Уутыг ямар компани хэвлэж байгаа вэ?
– Заавал гадаадаас өндөр өртөгтэй юм авч байхаар хажууханд хямдаар үйлдвэрлэж буй үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих ёстой шүү дээ. “Монгол хэвлэл” гэдэг үндэсний үйлдвэрлэгч компани шалгарч, гэрээгээ байгуулсан. Энэ компани жилдээ есөн тэрбум орчим төгрөгийн уут үйлдвэрлэх юм.
-Уутны мөнгийг нийслэлээс санхүүжүүлэх үү?
-Айлуудын цахилгааны төлбөр дээр хамт өгч байгаа 2500 төгрөгийг уут тараах бэлтгэн нийлүүлэхэд зарцуулна. Харин энэ сараас эхлэн хог тээвэрлэлтийн санхүүжилтийг нийслэлэээс татаас маягаар гаргаж байхаар болсон. Нийслэлийн төсвийн тодотгол хэлэлцэх үеэр хог тээвэрлэлтийн зардлыг өргөн бариад хэлэлцүүлэх гэж байна. Энэ оныг дуустал хог тээвэрлэлтэд тав орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа.
-Тохижилт үйлчилгээний компани/ТҮК/-иудыг төр буцаан мэдэлдээ авсан. Ямар өөрчлөлт, дэвшил гарав. Нийслэлийн хогийг багасгаж чадав уу?
-Хог тээвэрт байгаа хамгийн хүнд асуудал бол санхүүгийн асуудал. Хогийг тээвэрлэх нь ямар учраас явж өгөхгүй байгааг санхүүгийн хүндрэлтэй холбоотой болохыг бид олж харсан. Хэлбэрийн төдий хог ачилт явагдаад байгаа тул хог тээвэрлэх зардлыг хангалттай өгч эхлэх гэж байгаа.
-Гудамж, гуу жалганы хур хогийг яах вэ?
-Хогоо хугацаандаа ирж ачихгүй болохоор л иргэд хогоо гудмандаа, жалгаруугаа асгачихдаг байсан. Харин уут тарааж эхэлснээр гэр хорооллын айлууд уутандаа хогоо хийгээд л гаргаад тавингуут хогны машин хогийг нь ачаад явна гэсэн үг. Харин хур хогийг тун удахгүй цэргийн анги, ТҮК-үүдтэй хамтран нэг сайн цэвэрлээд авах гэж байгаа. Тэгээд л хогоо ил хаяхаа больчихвол нийслэл хогийн асуудлыг бүрэн шийдвэрлэх юм.
-“Хог хаягдлын менежмент” төслийн хэрэгжилт ямар байгаа вэ?
-Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжийн дагуу ТҮК-үүдийн ажилчдыг хоёр ээлжид оруулж ажиллаж эхэлсэн. Тодруулбал, урьд нь нэг газрыг өдөрт нэг л удаа цэвэрлэдэг байлаа, өөрөөр хэлбэл цэвэрлээд л араас нь хог хаячихдаг байсан юм. Одоо бол нэг шар хантаазтанд тодорхой байршил тогтоож өгсөн мөн өглөөний 09.00-14.00, 14.00-21.00 цаг хүртэл гэсэн хоёр ээлжээр ажиллаж байна. мөн энэ төслийн хүрээнд уут тарааж эхлэх гэж байгаа тухай дээр дурьдсан. Ирэх онд шар хантаазтангууд гэгддэг ТҮК-ийн ажилчдыг нийслэлээ цэвэрхэн байлгахад нь зориулж хангалттай төсвийг тавьж өгөх гэж байна. Монгол улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах учиртай тиймээс иргэдийн татварын мөнгөнөөс нилээдгүй хувийг эрүүл, цэвэр аюулгүй орчинд амьдрах боломжийг хангах хэрэгтэй байгаа юм.
-Шар хантаазтангуудын цалин нэмэгдэнэ гэсэн үнэн үү?
-Одоогоор ТҮК-ийн ажилчид сардаа 600-700 мянган төгрөгийн цалин авч байгаа. Ирэх 2014 оноос эхлэн цалинг дахин хангалттай хэмжээгээр нэмнэ гэж төлөвлөж байна. ТҮК-ийн ажилчдын хүүхдүүдэд анх удаагаа зусланд үнэгүй амрах эрх бэлэглэсэн. Мөн ирэх аравдугаар сараас сайн ажилласан ажилчидыг Хонконг, Сингапур улсууд аялуулах төлөвлөгөөтэй байна. Дандаа дарга нар гадаадад явж байна гэж байхгүй шүү дээ. Мөн “Ахмадын орон сууц” хөтөлбөрт бага, дунд орлогтой байгаа шар хантаазтангуудыг оруулна.