Унанги модыг ашигладаг болно

Хуучирсан мэдээ: 2013.06.11-нд нийтлэгдсэн

Унанги модыг ашигладаг болно

Монголчууд бид жилд нэг сая шоо метр мод, модон эдлэл хэрэглэдэг байна. Шаардлагатай хэмжээ гурван шоо метрт хүрнэ. Хэрэгцээгээ бүрэн хангахын тулд  нийт нутаг дэвсгэрийнхээ наймхан хувийг эзэлдэг ой модоо огтлоод байж таарахгүй. Тиймээс  ой модоо хамгаалах үржүүлэх нэгэн чухал шийдвэрийг саяхан УИХ-аас гаргалаа. Гадаадаас импортлон оруулж ирж буй мод, гуалин, дүнз,модон зүсмэл материал, стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийц, тууз чиглэлийн нимгэн давхаргатай OSB хавтан зэргийг НӨАТ-аас чөлөөлөх хуулийг УИХ зургадугаар сарын 7-ны өдөр баталсан. Түүнчлэн ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээг ч НӨАТ-аас ангижруулж чаджээ. Энэ бол Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас оруулсан санал. Тиймээс тус яам энэхүү шийдвэрийг гаргуулсандаа ихээхэн ач холбогдол өгч байна. Уг нь дээр өгүүлсөн хэрэгцээг унанги болон хорхой, түймэрт өртсөн ойгоос сорчлон авч хангах боломж байдаг ч ойн цэвэрлэгээ арчилгаа мартагдсанаас энэ ажил цалгардаж байгааг яамныхан хэлж байлаа. Ой судлалын хүрээлэнгээс хийсэн судалгаагаар хоёрхон аймгийн таван сумын нутгийн ой модон дунд  улсын хэрэгцээг 13 жил хангах хэмжээний унанги мод байгааг тогтоожээ. Хэрэвзээ жилд гурван сая шоо метр мод хэрэглэнэ гэвэл таван жилийн нөөцийг дээрх таван сумын нутгаас бэлтгэж болох юм. Тиймээс хойшид ойг цэвэрлэхэд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулахад анхаарч ажиллахаа Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас мэдэгдлээ.

 Д.ЦЭЦЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж