Байгаль ордонг тус яам олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй хариу өгдөг мэдээллийн төв болгохоор зорьж буй ажээ. Яам, түүний харъяа байгууллагууд, ШУА-ийн хүрээлэнгүүд, Шинжлэх ухаан технологийн сан, МУИС, НҮБ-Хөгжлийн хөтөлбөрийн газар, Дэлхийн банк, АХБ Жайка зэрэг олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагуудад нийтдээ гучаад мянган хуудас байгаль орчны чиглэлийн баримт материал байгааг тоолж тогтоожээ. Эдгээрийг бодлого боловсруулах төвшинд болон судалгаа шинжилгээний зорилгоор ашиглах, иргэдэд нээлттэй болгох бодлогыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам барьж байна. Тиймээс Байгаль ордонгийн хувьчлалыг буцаах асуудлыг яаравчлан хийх юм байна.
Байгаль ордонг хууль бусаар хувьчилсан гэв
Хуучнаар Лениний музей буюу “MGL plaza”-гийн барилгыг хууль бусаар нэгэн намын харъяалалд шилжүүлсэн гэх хэрэг хууль хяналтын байгууллагын хэмжээнд хүрээд байна. Яг түүнтэй адил төрийн өмчийг хууль бусаар хувьд шилжүүлсэн явдал олон гарч ирж байна. Тэдний нэг нь Байгаль орчин ногоон хөгжлийн яамны харъяа Байгаль ордон ажээ. Энэхүү ордон гандангийн дэнж дээр байрладаг бөгөөд одоогоор байгаль орчны чиглэлийн нэгэн төрийн бус байгууллагын мэдэлд ихэнх хэсэг нь шилжээд байгаа юм. Салбарын яамны зүгээс ийм хууль бус хувьчлал байж болохгүй гэсэн албан бичгийг төрийн бус байгуулллагад өгөөд байгаа гэнэ. Хэрэв тус байгууллагаас нааштай хариу өгөхгүй бол Лениний музейн нэг адил шүүх, цагдаагаар шийдүүлэхээс аргагүй гэж яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд мэдэгдлээ.
Д.ЦЭЭНЭ