Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн нэрэмжит Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол бүжигчин Ж.Энх-Амарын анхны бие даасан тайлангаа "Тэнгэрийн хүслэн" бэсрэг дуулалт, бүжгэн жүжгээр хийх гэж байна. Түүний бие даасан тоглолт энэ сарын 15-нд 15.00 цагт ХЦДБЧ-ын төв байранд болох нь ээ. Тэрээр энэ бэсрэг дуулалт, бүжгэн жүжгээрээ байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалая хэмээх санааг нийтэд хүргэхээр зорьж байгаа аж. Тоглолтонд хөгжмийн зохиолч Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, Соёлын тэргүүний ажилтан Ч.Жаргалсайхан нарын бүтээлүүд эгшиглэх юм байна. Уг тоглолтын зөвлөх балетмейстраар Соёлын тэргүүний ажилтан, ахмад С.Алтансэлэм, хөгжмийн удирдаачаар Соёлын тэргүүний ажилтан, дэслэгч Н.Даваасүрэн, уран сайхны зөвлөхөөр Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, хошууч Т.Сэр-Од, ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан, ахмад У.Пүрэвсүрэн, ХЦДБЧ-ын нийт уран бүтээлчид хамтран тоглох нь ээ.
Г.ДАША