
Тэгснээ өөрөө хөгжилтэй инээмсэглэн, чанга гэгч нь хашгиран, заримдаа бассейн рүү үсрэн орж ирж дасгалыг удирдана. Байнга аква фитнесээр хичээллэдэг бүсгүйчүүдийн хувьд ч их сонин байгаа бололтой. Хэтэрхий “ажил хэрэгч” дасгалуудын дэргэд маш хөгжилтэй мөртлөө, дасгалууд нь “шинжлэх ухаанч” уялдаатай гэж тодорхойлж байв. Нишимори санг Монголд урьж авчирсан олон улсын хэмжээний мастер Д.Энхзул усны фитнесс өөрөө маш их онцлогтой, зүгээр нэг зааланд хийдэг фитнесс дасгалыг усанд хийдэг гэж өрөөсгөлөөр ойлгодог. Усны фитнесс гарын хөдөлгөөн илүү зонхилдгоороо онцлоготой гэж ярьж байлаа.
Б.Энхзул багш өнгөрсөн жил Японд туршлага судлахаар очихдоо Нишимори сантай танилцаж, энэ жил эх орондоо урьжээ. Нишиморигийн аав нь ч бас усан спортын хүн, өөрөө өдгөө 22 дахь жилдаа аква зааж байгаа. Японд одоо аква эмчилгээний дасгал их дэлгэрээд байгаа гэнэ. Үе мөчний саажилттай хүнийг ч эмчлэн эдгээдэг энэ усан дасгалаар өнөөгийн хамгийн том проблем болоод байгаа стрессийг тайлах тусгай сургалтууд байдаг аж. Мөн хөгшид настнуудыг усанд тайвшруулах, стрессийг тайлах дасгал хийдэг аж. Д.Энхзул бүсгүй энэ бүх дасгалуудыг заалгаж байгаа, харамсалтай нь манай бассейнуудын усны температур төдийлөн тохиромжтой бус байдаг аж. Харин хүйтэн устай манай бассейнууд аквад бол илүү тохиромжтой гэгддэг аж.
Нишимори сан хүчтэй хашгирч, инээж, дэггүйтэхийг санал болгож байгаа нь стресс тайлах эмчилгээнийх нь нэг хэсэг бололтой. Яг л галзуу хулганад суухын бас нэг гайхамшигтай нөлөө нь “айдсаа амнаасаа гаргаж хая” гэдэг шиг дасгал хийхдээ өөрийн эрхгүй чангаар хашгирч, инээж, бас сахилгагүйтсэн чинь нуруун дээрээс нэг том ачаа аваад хаячих шиг, сэтгэл онгойгоод тайвширчих шиг.
Гараас үе үе гулбалзан мултран алга болох мэт өнгө өнгийн урт хөөсөнцрийг ашиглан нэгнийгээ дамнан усан дотор “галт тэрэг” мэт аялах, хөөсөнцрийн хоёр талаас барин бие биеэ усан дотор чирэх гэх мэт яг л хүүхдийн тоглоом шиг хөгжилтэй дасгалуудыг хийсээр нэг цаг нүд ирмэхийн өнгөрчээ. Дундуур нь Нишимори сангийн удирдлага доор бүсгүйчүүд дасгалын хөөсөнцрөөрөө Африкийн бүсгүйчүүдийн толгой доорооо “босгодог” алчуур шиг малгай хийж өмсөн “мисс”-ийн алхаагаар усан дотор алхаж, хамгийн сүүлд Үнэсгэлжингийн вальсийн аялгуунд намуухан хөдөлгөөн хийж, гүнжийн ёсолгоогоор ёсолсноор дасгал өндөрлөлөө. Үнэхээр гайхамшигтай. Харамсалтай нь Нишимори сан Монголд хоёрхон удаа дасгал удирдсан, маргааш нутаг буцах гэж байгаа. Гэхдээ хөгжилтэй сэргэлэн хатагтай Нишимори дахин Монголд ирнэ гэдэгтээ итгэлтэй байлаа. Тэрээр гадаадын олон оронд очиж сургалтаа явуулж байсан ч хамгийн их таалагдсан нь Монгол. Учир нь монголчууд их хөгжилтэй, нээлттэй, нийтэч хүмүүс байдаг юм байна гэж байна лээ. Харин түүнийг Монголд урьсан хатагтай Д.Энхзул маш ихийг сурч авлаа гэсээр багшийгаа үдэх гэж байгаа. Б.Энхзул New Centry Plaza төвд долоо хоногийн даваа, пүрэв гаригт сургалтаа явуулдаг. 2009 оноос хойш сургалт явуулж байгаа түүний байнгын үйлчүүлэгч олон юм билээ. Мэдээж хэрэг тэр өөрийнхөө сургалтдаа багшийнхаа заасныг нэвтрүүлнэ. Цаашилбал, стресс тайлах усны эмчилгээг Монголд нэвтрүүлэх хүсэлтэй байгаа байх аа.
“Усны” бүсгүйчүүддээ амжилт хүсье.
