“Гоё” тараг хэрэглэгчдийг хуурч байна гэв

Хуучирсан мэдээ: 2013.06.11-нд нийтлэгдсэн

“Гоё” тараг хэрэглэгчдийг хуурч байна гэв

Монголын хэрэглэгчийн эрх, боловсролын холбоо”-ны Удирдах зөвлөлийн дарга Б.Цэрэн өнөөдөр “Оргил хүнс” ХХК-ийн “Гоё” нэрийн тараг стандартын шаардлага хангахгүй байгаа талаар мэдэгдлээ. Анх 2012 оны долдугаар сараас “Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ-аас “Гоё” тарагны шошго иргэдийг төөрүүлсэн мэдээлэл агуулж байгаа болон чанарын шаардлага хангахгүй байгаа талаар мэдэгдэж, Монголчуудын эртний амьд хоол болох тарагны шинж чанарыг зориудаар устган ундаа хэлбэрт оруулж байна хэмээн тэмцэж байсан юм. Гэтэл тус төрийн бус байгууллагыг “Оргил хүнс” компани шүүхэд өгч 78 сая төгрөгийг нэхэмжлэсэн байна. Харин энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн гаргаж өгсөн Нян судлалын лабораторийн шинжилгээний дүнгээр “Гоё” тарганд байгаа ашигтай амьд биетийн тоо хоёр сая орчим байна гэж гарчээ. Гэтэл төрөл бүрийн тарганд байх ёстой ашигтай амьд биетийн тоо нь хамгийн багадаа 100 сая байж стандартын шаардлагыг хангадаг байна. Тиймээс “Гоё” тарганд байх ёстой хэрэглэгч нарт хэрэгтэй амьд биет дариу 50 дахин бага байгаа хэмээн тэрээр мэдэгдсэн юм. Өмнө тэрээр шинжилгээний дүнг баталгаажуулахын тулд тавдугаар сарын 23-нд дахин “Гоё” тарагийг шинжилгээнд оруулахад дээрх дүн батлагдсан ажээ. Тиймээс тэрээр тус компани нь тарганд байх ёстой амин дэмийг зориудаар устгаж, тарагийг ундаа болгож, иргэдэд худлаа мэдээлэл түгээж байгаа учраас уг зөрчлийг холбогдох газруудад шалгуулахаар хандаж байгаа ажээ.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж