Занаpын хайгуулыг эсэргүүцэж мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.06.11-нд нийтлэгдсэн

Занаpын хайгуулыг эсэргүүцэж мэдээлэл хийлээ

Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдийн хурлын төлөөлөгчид, малчдын төлөөлөл өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа.

Учир нь тус сумын нутаг Дэвсэнгийн дэлийн хөндийд АНУ, Францын зуун хувийн хөрөнгө оруулалттай “Жени ойл энд монголиа” компани өнгөрсөн оны аравдугаар сард өрөмдлөг хийж эхэлжээ. Анх өрөмдлөг хийх зөвшөөрөл хүсэхдээ “Усны хайгуул хийнэ” гэж хэлсэн ч үнэн хэрэг дээрээ занар олборлохоор бэлтгэж эхэлсэн байна. Харин Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Усны тухай хуульд усны хайгуулыг зуун хувь дотоодын компани хийнэ гэж заасан байдаг тул тус сумын иргэд анхнаас нь “Жени ойл энд монголиа” компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж ирсэн аж. Улмаар Засгийн газар, Уул уурхайн яаманд хандан тус компанийн үйл ажиллагааг зогсоож өгөхийг хүссэн ч өнөөдрийг хүртэл шийдвэртэй хариу өгөөгүй гэдгийг малчид хэлж байсан юм. Мөн тус компани нь занарын олборлолтыг сүүлийн үеийн технологи ашиглан газар ухалгүй газрын гүнийг халаах замаар хайгуул, олборлолтоо хийнэ гэж мэдэгджээ. Гэтэл тус аргаар занар олборлоход нүүрс устөрөгчийн олон төрлийн химийн хүчтэй нэгдэл үүсч, байгаль орчинд ноцтой аюул нүүрлэдэг байна. Занарыг ус буцалгахаас 3-40 дахин илүү хэмээр газрын гүнийг халааж олборлодог нь тухайн бүс нутагт ямар ч ургамал ногоо ургахаа больж, хөрс үндсэндээ цөлжин гүний усыг ундад хэрэглэх боломжгүй болдог аж.

Төв аймгийн Эрдэнэсант сум нь 4550 хүн амтай, 1954 онд үлэг гүрвэлийн ул мөр олдож байсан, Түрэгийн үеийн булш, хадны сүг зураг, рашаан ус олонтой газар гэдгийг хэвлэлийн хурал зохион байгуулагчид онцолж байлаа. Тиймээс тэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдэд хандахаар болжээ. Мөн Төв аймгийн Дэлгэрхаан, Бүрэн, Өндөрширээт, Лүн зэрэг сумдад занарын хайгуул хийхээр төлөвлөж байгаа гэдгийг энэ үеэр онцлон хэлж байлаа.

Хэвлэлийн хурлын үеэр “Жени ойл энд монголиа” компанийн геологич н.Батболдтой уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Танай компани Эрдэнэсант суманд яг ямар зорилгоор хайгуул хийж байгаа вэ?

Монгол орны хэмжээнд занарын судалгааг газар дор нь халаадаг технологиор хийгээд явж байна. Энэ маань эдгээр хүмүүсийн яриад байгаа шиг байгаль орчинд хор нөлөөлөл ихтэй биш. Тиймээс Засгийн газраас энэ аргаар занарын судалгаа хийлгэхээр тохироод явж байгаа.

– Та бүхэн албан ёсны зөвшөөрлөө хаанаас авсан бэ?

Уул уурхайн яам, Газрын тосны хэрэг эрхлэх газраас авсан. Бүх зүйл хуулийн дагуу явж байгаа.

– Тэгвэл яагаад анх “усны хайгуул хийнэ” гэж ард иргэдэд худлаа хэлсэн юм бэ?

Би үүнийг сайн мэдэхгүй. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай компанийн удирдлагуудаас авч болно.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж