Цөлжилттэй тэмцэх өдрийг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2013.06.10-нд нийтлэгдсэн

Цөлжилттэй тэмцэх өдрийг тэмдэглэнэ

Жил бүрийн зургадугаар сарын 17-ныг цөлжилттэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Манай орон газарзүйн байршил, уур амьсгалын нөхцөл, экологийн тогтолцооны хувьд цөлжилтөд өртөх нэн эмзэг, чийг дутмаг, хуурай бүс нутагт хамрагддаг байна. Одоогийн байдлаар нийт газар нутгийн 90 орчим хувь нь цөлжих магадлалтай бол 44.7 хувь цөлжилтөд өртсөн гэж үздэг ажээ. Цөлжилтөд өртсөн 700 мянган гаруй ам.км талбайн ихэнх нь  говь, талын бүс нутаг юм.  Сүүлийн 10 жилийн хугацаанд гандуу нутгийн эзлэх талбай 3.4  хувиар өсч,  цөлжилт хүчтэй илэрсэн нутгийн талбай 5.4 дахин, маш хүчтэй илэрсэн нутгийн талбай 1.8 дахин нэмэгдсэн байна. Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь зэрэг аймгуудын нутаг дэвсгэрийн тавиас дээш хувь нь цөлжилтөнд өртсөн гэсэн дүн мэдээ гарчээ.

Ийн цөлжилт нэмэгдэхэд байгалийн хүчин зүйлээс гадна хүмүүсийн оролцоо илүүтэй байсныг эрдэмтэд тогтоожээ.  Монгол орны 126.6 сая га талбай бүхий бэлчээрийн 70 гаруй хувь нь талхлагдаж  бэлчээрийн ургамлын ургац хэд дахин буурсан байна.  Малын бүтцэд ямааны эзлэх хувь ихэсч,  элсний нүүдлийг барьж байдаг  заган ойг их хэмжээгээр ашигласны говь нутгийн модлог ургамал, бут сөөг, шаваг, харгана зэргийг түлшинд хэрэглэх болсон нь цөлжилтөд онцгой нөлөөлсөн байна. Тиймээс жил бүр цөлжилттэй тэмцэх өдрийг тэмдэглэж хүнээс шалтгаалсан хүчин зүйлийг бууруулахад анхаардаг юм байна.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж