Ногоон өсөлтийн хүрээлэнгийн гишүүн орон болов

Хуучирсан мэдээ: 2013.06.10-нд нийтлэгдсэн

Ногоон өсөлтийн хүрээлэнгийн гишүүн орон болов

Дэлхийн ногоон өсөлтийн олон улсын хүрээлэнгийн гишүүнээр Монгол Улс нэгдэж гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах хүндэтгэлийн арга хэмжээнд уг байгууллагын удирдах зөвлөлийн дарга ноён Рамуссен болон бусад олон зочид оролцож баяр хүргэв.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун зургаадугаар сарын 10-11-ны өдрүүдэд БНСУ-ын Инчон хотноо Даян дэлхийн ногоон өсөлтийн дээд чуулганд оролцож байна. Засгийн газрын шийдвэр гаргах түвшний төлөөлөл, эрдэм шинжилгээ судалгаа, төрийн бус байгууллага, хувийн секторын төлөөлөл 500-аад хүн оролцож буй уг чуулганаар ногоон өсөлтийн санхүүжилт, инноваци, бодлогын асуудлыг авч хэлэлцэж байна. Арав гаруй орны байгаль орчны сайд нар оролцож байгаа чуулганы нэгдсэн хуралдаанд С.Оюун Ногоон өсөлтийн олон улсын туршлага, үр дүнг хэрхэн дэлгэрүүлэх асуудлаар үг хэллээ. С.Оюун  Монгол улсын ногоон хөгжлийн бодлого түүнийг хэрэгжүүлэх арга замын талаар Шинэчлэлийн Засгийн газрын баримталж буй бодлого чиглэл, үйл ажиллагааны үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч  “Монгол улсын ногоон хөгжлийн бодлого өөрийн орны үндэсний онцлог, давуу болон сул талаа тооцсон өвөрмөц байх ёстой”-г онцлов.

Түүнчлэн С.Оюун Инчон хотын Захирагч ноён Сонгтой уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцов. Инчон хот нь дэлхийн ногоон хотын загвар болох зорилт бүхий  шинээр байгуулж байгаа хот бөгөөд Ногоон хөгжлийн чиглэлийн олон улсын байгууллагын төв болохоор ажиллаж буйгаа танилцууж “Монгол Улстай хамтран ажиллах дэмжлэг үзүүлэх сонирхолтой байгаа” -гаа ч илэрхийллээ.

БОНХЯ-ны Сайд БНСУ-ын Ариранг телевиз, Солонгосын байгаль орчны хэвлэл болон Жуунг Анг сонинд Монгол орны ногоон хөгжлийн бодлогын талаар маш тодорхой ярилцлага өглөө. Хэвлэлийнхэн Монгол Улсын уул уурхайн хөгжил болон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх бодлогын талаар түлхүү асууж, хариулт авлаа гэж Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж