Ашиглалтын шаардлага хангахгүй 325 орон сууц байна

Хуучирсан мэдээ: 2013.06.10-нд нийтлэгдсэн

Ашиглалтын шаардлага хангахгүй 325 орон сууц байна

Улаанбаатар хотод ашиглалтын шаардлага хангахгүй 535 орон сууцны жагсаалт гарсан.  Тэдгээрээс 210 барилгыг хүчитгэн /сайжруулан/ ашиглаж болно гэж Орон сууцны шинэ хотхон хорооллыг барих, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийнхэн үзэж буй ажээ. Үлдсэн 325 орон сууцыг буулган, дахин төлөвлөлтөд оруулах шаардлагатай гэсэн дүгнэлтийг тус ажлын хэсэг гаргажээ.

Нийслэлд 1965-1980 оны хооронд баригдсан том хавтгаалжин угсармал барилгуудыг хүчитгэвэл 6-7 баллын газар хөдлөлтийг тэсвэрлэнэ гэж мэргэжлийн байгууллагынхан хэлж байна.  Чулуут бетон суурь, тоосгон хана, модон ба төмөр бетон хучилт бүхий барилгууд газар хөдлөлтөнд тэсвэргүй болох нь тогтоогджээ. Эдгээр нь 40, 50 мянгат болон Бага тойрог, Таван шар орчмын барилгууд юм. Сүүлийн үед баригдаж байгаа орон сууцны зориулалттай төмөр бетон араг бүтээцтэй барилгуудад газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээ хийхэд дийлэнх нь тэсвэртэй гэж үнэлэгджээ. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууц, газар хөдлөлтөнд тэсвэргүй хуучин барилгыг буулган шинэчлэх ажил удаашралтай байгаа нь орон сууцыг шинэчлэн  барилгажуулах тухай хууль эрх зүйн зохицуулалт  дутмаг, шинээр боловсруулагдан гарч байгаа хууль, түүнийг даган гарсан дүрэм, журам, зааврууд хоорондоо зөрчилддөг болохыг НМХГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ням-Очир хэлж байлаа.   Түүнчлэн дахин төлөвлөх, барилгажуулах төслийн талаар оршин суугчдын мэдлэг ойлголт дутмаг, оршин суугчдын эв нэгдэл, нийтийн эрх ашгийн төлөөх нэгдмэл санаа байхгүйтэй холбоотой гэж дүгнэсэн юм.

Орон нутагт ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгуудын дүнг Барилгын хөгжлийн төвөөс нэгтгэсэн байна. Архангай аймагт 19, Баянхонгорт ес, Булганд тав, Говь-Алтай гурав, Дундговьд 46, Дорнод аймагт долоо, Өмнөговьд 10, Сүхбаатарт дөрөв, Сэлэнгэд 14, Төвд 20, Өвөрхангай төв, Орхон ес, Ховдод зургаа, Увс Говьсүмбэрт тус бүр тав , Баян-Өлгийд дөрвөн ашиглах боломжгүй барилга байгаа гэсэн мэдээлэл ирүүлжээ.  Архангайд л гэхэд 1946 онд баригдсан орон сууцны барилга байдаг аж.

 Ажлын хэсгийнхэн  энэ удаагийн хурлаараа нийтийн зориулалттай орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулах төслийн талаар мөн ярилцжээ.  Улаанбаатар хотод угсармал байшингуудын дулаан алдагдлыг бууруулахад 470 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна.  Хэрвээ ингэж чадвал дулаан эрчим хүчний одоогийн хэрэглээг 30 дахин бууруулах боломжтой гэнэ.

Д.ЦЭЦЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж