МИАТ-ийн шүүх хурал маргааш үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2013.06.10-нд нийтлэгдсэн

МИАТ-ийн шүүх хурал маргааш үргэлжилнэ

“Дайны эрсдлийн даатгалын төлбөр”  нэрээр  их хэмжээний мөнгийг гадаад дахь зохиомол компанийн данс руу шилжүүлж, мөнгө угаасан гэх хэргийн шүүх  хурал хоёр дахь удаагаа Цагдан хорих 461 дүгээр ангид болж байна.

Өнөөдөр 09.40 цагийн орчим эхэлсэн шүүх хуралдаан өдрийн 15.00 цагт завсарлаж,  одоо шүүгдэгчдийг үргэлжлүүлэн шүүж байна. Хэрэгт нийт долоон хүн  холбогдсон учраас оройн 22.00 цаг хүртэл хэлэлцээд, маргааш 09.00 цагт үргэлжлүүлэх ажээ.

Нийслэлийн прокурорын газраас энэ хэрэгт холбогдуулан  МИАТ-ийн захирал асан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 166.3-т зааснаар мөнгө угаасан, 156.3.3-т зааснаар банкны хууль тогтоомж зөрчсөн  гэх үндэслэлээр буруутгасан.

Шүүх хуралд шүүгчээр Т.Шинэбаяр, Ч.Отгонбаяр, Л.Ганзориг, улсын яллагчаар Н.Отгонцэцэг, Б.Эрхэмбаяр, өмгөөлөгчөөр Ж.Яринпил, Д.Цэндсүрэн, Д.Одонтунгалаг, Ш.Мягмарцэрэн, Н.Батбаатар, Л.Данзанноров, Ж.Эрдэнэбулган, Ц.Монгол, Э.Туул, Д.Наранбулаг, Т.Энхтөр, Б.Болдбаатар, С.Жанцан, С.Дондов, М.Энхжаргал, Г.Тунгалаг, хохирогчоор Б.Баасанцогт, гэрчээр С.Туяа, О.Тамир, П.Энхцэцэг, О.Сэр-Од, Л.Сайнжаргал, Д.Цэцэгбаяр, О.Хайнзан, Х.Буянхишиг, Ц.Эрдэнэбилэг Б.Баясгалан, Д.Батбилэг, Ш.Чулуунаа, Б.Цогоо, Б.Махбал, Б.Шинэн нар оролцож байна.

Шүүх хурал эхлэх үед өмгөөлөгч  томилолтоор явсан, гэрч байлцуулах  шаардлагатай, Ч.Хоролсүрэн ходоодны хорт хавдартай учир батлан даалтад гаргах зэрэг хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээн авсангүй. 

Энэ хэргийг УМБГ-т шалгаж, мөрдөн байцаалтын явцад тэднийг нисэхийн даатгалын үйлчилгээ үзүүлдэг гэх Япон, Хонгконг дахь зохиомол хоёр ч компанийн дансаар тухайн үеийн ханшаар нийтдээ 9.3 тэрбум төгрөг шилжүүлсэн болохыг тогтоосон юм.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж